Хэвлэн нийтлэл
Транспэрэнси Интернэшнл байгууллагын гишүүн 115 орон Монгол улсад хандаж мэдэгдэл гаргалаа
 
Энэхүү албан мэдэгдлийг гаргахын өмнө  эдгээр орнуудад үүсээд байгаа нөхцөл байдлыг  тус тусад нь хэлэлцэв.   Тухайлбал Малайз улсад Ерөнхий сайд нь 700 сая долларыг хувийн дансандаа шилжүүлэн авсан нь илэрсэн бөгөөд үүнийгээ сонгуулийн хандив хэмээн тайлбарлаж мөрдөн шалгаж байсан Малайзийн АТГ ажилтнуудыг хомроглон халсан явдлыг тойрон үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн бөгөөд Малайз ба Индонез улсад Авлигатай тэмцэх асуудалд улс төрчид  шууд нөлөөлж эхэлсэнээс болж  шударга ёсны төлөөх жагсаал цуглаан тасралтгүй үргэлжилж байна. Тунис  улсад Тунисын хувьсгалын өмнө хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнууд өршөөлийн хууль санаачлан батлуулахаар оролдож байгааг  мөн хэлэлцэв. Монголд баталсан өршөөлийн хууль нь авлигчдыг өршөөх хууль болон батлагдсаныг хуралдааны  явцад  онцлон хэлэлцэж олон төлөөлөгч  саналаа хэллээ. Төв азийн орнуудад ардчиллын үлгэр жишээ болж байсан Монгол  улсад анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан өршөөлийн хууль нь Авлигын эсрэг НҮБ конвенцийн зарчмыг гажуудуулсан, авлигчдыг өөгшүүлсэн хууль болж хувирсныг ихээхэн шүүмжилж байв. Монгол улсын парламентын баталсан хууль түүнийг тойрон үүсээд байгаа асуудал нь бүхэлдээ Монгол улс Авлигын хямралт байдалд орох үүнээс улбаалан  Малайз ба Индонез улсуудад үүссэний адил улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдэх эрсдэлтэйг  төлөөлөгчид анхааруулж байв.
Хэлэлцүүлгийн  төгсгөлд 115 улсын санал өгөх эрх бүхий Транспэрэнси Интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга нар олонхийн саналаар дараахь мэдэгдлүүдийг батлав. 
Малайзын засгийн газарт хандан авлигын хэргүүдийг шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй саад хийхгүй байхыг уриаллаа.
Монгол улсын хувьд   Өршөөлийн хуулийг батлан  авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийг хамруулан өршөөхөөр шийдвэрлэсэн нь шударга ёсыг уландаа гишгэсэн явдал болсныг тэмдэглэж буруушаав. Транспэрэнси Интернэшнл энэхүү чуулганаар баталсан албан ёсны мэдэгдлүүдийн дагуу  авлигын эсрэг эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд  Монголын Парламентын гаргах шийдвэрүүдийг анхааралтай ажиглахаа мэдэглээ.
Тунис  улсад хувьсгалын өмнө хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнууд өршөөлийн хууль санаачлан батлуулахаар оролдож байгааг мөн буруушаалаа.
http://www.transparency.org/news/pressrelease/transparency_international_calls_on_malaysian_government_prosecute_punish_t www.transparency.org/files/content/pressrelease/2015_TI_AMM_3Resolutions.pdf
Энэхүү хуралдааны дараагаар Малайз улсын нийслэлийн хамгийн том хурлын ордон IPPС-д Дэлхийн 130 гаран орны  1200  төлөөлөгчид оролцсон Авлигын эсрэг олон улсын 16 дугаар их хурал хуралдлаа.  Анхны хурлыг  20 гаран жилийн өмнө  Хонгконгын Авлигатй тэмцэх Газар санаачлан хийж байснаас хойш олон улсын Авлигын эсрэг хамгийн том хурал болон хувирчээ. Энэ жилийн хурлын уриа нь  “Авлигачид ял шийтгэлгүй үлдэх явдлыг эцэс  болгоё”  уриан дор болсон. Хурлын нээлтэд үг хэлэх ёстой байсан Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак өөрийн оронд Засгийн газрын сайдаа илгээсэн нь авлигын хэрэгт холбогдон олон улсын нэр хүндээ алдсанаас нүүрээ хийх газаргүй болсон явдлын илрэл байлаа.  Авлигын эсрэг олон  хурлыг даргалагч  Акера Муна хурлын нээлтэд  Авлига авсан бол түүнд ногдох ял шийтгэлээ хүлээхэд бэлэн байх ёстой гэж мэдэгдсэн бол Транспэрэнси Интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга Хосе  Угаз хурлын нээлт дээр мянга мянган хүмүүс авлигчдад “та нар  гишгэх газаргүй болсон гэдгийг хэлж байна” хэмээн мэдэгдлээ. Хосе Угаз өөрийн даргалан хийсэн салбар хуралдаан дээр Монгол улсад батлагдсан Авлигчдыг өршөөх хуулийн талаар мөн  шүүмжилж авлигачид ял шийтгэлээс мултрахын тулд юу ч хийхээс буцахгүй байгааг онцолж байв. ( http://16iacc.org/about/declarations/)
Хурлын төгсгөлд гаргасан мэдэгдэлд улс орон бүрийн  засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, залуучууд хамтран шинэлэг, ил тод хариуцлагатай  тогтолцоог бий болгон авлигачид ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлэх ёстой хэмээн цохон тэмдэглэжээ.  Эс бөгөөс авлигын эсрэг тэмцэлд ялагдах эсрдэлтэй бөгөөд тухайн  нийгэмд шударга бус байдал ноёрхож эерэг өөрчлөлт үгүй болно гэжээ. Өндөр түвшний авлигчдын эсрэг нийгмийн шударга хүчин тэмцэх ёстой бөгөөд авлигачид шийтгэлгүй үлддэг нийгэмд шинэчлэл, хөгжил үгүй байх болно гэжээ. 
Малайзд хуралд оролцогчид бид авлигачид ял шийтгэл хүлээх ёстойг онцлохоос гадна тэд хулгайлсан эд хөрөнгөө буцаан төлөх ёстойг онцолж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд гадаад орнуудад зувчуулсан эд хөрөнгийг эргүүлэн авчрахад ихээхэн анхаарал тавин ажиллах ёстойг онцлов. Хуулийн шударга тогтолцоог бий болгон хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн авчирч авилгачдад ял шийтгэлийг олгосноор нийгэмд шударга ёсонд итгэх итгэл бий болох ёстойг хурлын төгсгөлд онцлов. 
Санал асуулга