news
Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад иргэдийн оролцоог бий болгох нь яагаад чухал вэ?

Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсын 10 аймаг, 3 дүүрэгт “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж байна. Увс аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжиж байгаа уг төсөл нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад иргэдийн оролцоо, хөндлөнгийн хяналт бий болгохыг зорьж байгаа ажээ. “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжих төслүүдийг үндэсний хэмжээнд Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ хэрэгжүүлэх бол орон нутагт “Хамтын Х.Ү.Ч” дэд төслийг Өсвөр үе Ирээдүй Увс төв ТББ хэрэгжүүлэхээр сонгогдсон байна. Увс аймгийн төв Улаангомд болсон төслийн нээлтэд Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын хамт олон болон Дэлхийн банкны төлөөллүүд оролцжээ.

Энэ үеэр төслийн танилцуулга хийх, төсөл хэрэгжүүлэгч төр, иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад иргэдийн оролцоо, хөндлөнгийн хяналт бий болгохыг зорьж байгаа төслийн оролцогч талуудтай уулзаж, санал бодлыг нь сонссоноо уншигч та бүхэндээ хүргэе.

Увс аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр:

Энэ төслийн гол зорилго нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг нээлттэй болгох, мөн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг ард түмэнд нээлттэй болгох явдал юм. Төслийн хүрээнд Увс аймгийн эрүүл мэндийн салбар Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-тай хамтраад олон ажил хийх гэж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үйл ажиллагаа маань зохих ёсоор хуулийн хүрээнд явагддаг боловч хөндлөнгийн хяналт байхгүй байсан. Энэ төсөл орж ирснээр худалдан авах үйл ажиллагаа маань илүү өргөжиж, бас хөндлөнгийн багийг ажиллуулж хяналт тавихаар болж байна. Мөн нийлүүлэгч компаниудын дунд шударга өрсөлдөөн байна уу, үгүй юу гэдгийг хянаж байгаагаас гадна эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үнэлгээний хороо маань хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянана. Эцсийн дүндээ ард түмэнд үйлчилгээ үзүүлэх чанартай, боломжийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нөхцөл боломж бүрдэнэ.

Бид 2017 оныхоо эм, эмнэлгийн хэрэгслийнхээ тендер зарлаад татан авалтаа хийчихсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмийн тасалдалт байхгүй, урвалж бодис, оношлуурын дутагдалгүй явж байна. Цаашдаа бид юун дээр анхаарах вэ гэвэл төлөвлөж авсан эм, эмнэлгийн хэрэгслийг жигд хуваарилах, ялангуяа аль сар, улиралд нь илүү эм тавих вэ гэдэг эрэлт хэрэгцээнд нийцүүлэх шаардлага байна. Цаашдаа энэ төслийн хүрээнд олон сайхан үр дүн гарна гэж итгэж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Д.Доржготов:

Нэгдсэн эмнэлгийн 2017 оны эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хийх бичиг баримт боловсруулахаас эхлээд энэ төслийн багийнхантай хамтарч ажилласан. Одоогоор ялсан компаниуд нийлүүлэлтээ хийгээд явж байна. Нэгдсэн эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга зөв хийгдсэн бол эмийн тасалдалт үүсэхгүй, илүүдэл гарахгүй яв цав таарах ёстой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэг өдөр, нэг сар, нэг жилд тогтмол байдаг зүйл биш. Учир нь өвчлөлийн нөхцөл, цаг агаар, улирлын байдал, халдварт өвчний дэгдэлт, гамшиг осол гэх мэт гэнэтийн явдал гардаг учраас 100 хувь яв цав таардаггүй. Гэхдээ гол ноён нуруугаа алдахгүй байх ёстой. Энэ төслийн гол үр дүн нь юу вэ гэхээр эмнэлэгт хэвтсэн хүмүүс чанартай, баталгаатай эмийг гаднаас хайхгүйгээр үйлчлүүлдэг тогтолцоог бий болгох юм.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2017 оны эхний улиралд нийлүүлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгсэл дотроос ороох, боох материал шаардлага хангахгүй байсныг нийлүүлэгч компанид нь танилцуулж буцаасан. Мөн “Эм-Импекс” компанийн эм хугацаандаа ирээгүй асуудал гарсан. Үүнээс гадна нүдний эмчилгээнд хэрэглэдэг эмнүүдийн багцыг ямар ч компани аваагүй учраас зах зээлээс олж нийлүүлэх шаардлагатай болсон.

Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр:

Иргэдийн оролцоотой засаглалыг бий болгох зорилготой ажиллаж байна. Мэдээж энэ бол сайн засаглалын үндсэн ойлголт. Сайн засаглалыг бий болгоход иргэд өөрсдөө санаа бодлоо илэрхийлж оролцдог байх шаардлагатай. Тэр утгаараа бид энэ төслийг хэрэгжүүлж байна. Увс аймгийн эрүүл мэндийн салбар, тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмж, чанарыг дээшлүүлэх ажиллагаанд иргэд хэрхэн санаа бодлоо тусгаж оролцох вэ, яаж хяналт тавих вэ гэсэн үндсэн зорилготой билээ.

Энэ хүрээнд бид хэд хэдэн үе шаттай ажил явуулж байна. Үүнд: 

Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмж бий болгох үүднээс худалдан авалтыг сайжруулах, худалдан авалтын өрсөлдөөнийг нээлттэй хэлбэрээр явуулах тал дээр иргэдийн хөндлөнгийн хяналт бий болгох хөтөлбөр явагдана. Үүний үр дүнд хэмнэлт гарсанаараа хүртээмж маань дээшлэх боломжтой гэж харж байна.

Хоёрдугаарт, худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр ажиллана. Бид аж ахуйн нэгжийн нийлүүлэлт хийгдэх процест хөндлөнгийн хяналт тавьж чанарын доголдол дутагдал гарах юм бол түүнийг арилгуулах тал дээр шаардлага хүргүүлж ажиллана.

Гуравдугаарт, авсан эмийг хэрэглэж байгаа явцад иргэд болоод эмч нар хэр сэтгэл ханамжтай байна вэ, эмч нар тухайн эмийн чанар, байдалд ямар дүгнэлт өгч байна вэ, хэрэглэгчид өөрсдөө ямар дүгнэлт өгч байгаа вэ гэдгийг судлах юм.

Дэлхийн банкны Вашингтон дахь Нийгмийн хариуцлагын мэргэжилтэн Кристина Аквона:

Швейцарын Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсын 10 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь 3,1 сая ам долларын санхүүжилттэй бөгөөд 2015-2018 оны хооронд хэрэгжих юм. Бид энэ төслөөрөө дамжуулан Монгол Улсын эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой. Төсөл хэрэгжих аймгууд болон нийслэлийн дүүргүүдийг сонгож авахдаа оршин суугчдын ядуурлын түвшин болон эрүүл мэнд, боловсролын салбарын статистик үзүүлэлтүүдийг үндэслэсэн. 

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан:

Увс аймаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг сайжруулах “Хамтын Х.Ү.Ч” дэд төслийг хэрэгжүүлэхээр бид 35 мянган ам доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн тэтгэлгийг олгож байна. Энэ төслийн үр дүнд Увс аймгийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг илүү сайжруулах, худалдан авах ажиллагааны гэрээний биелэлт, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, ингэснээрээ аймгийн 81 мянган оршин суугчдын хувьд хоёр дахь шатны эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахыг зорьж байна. Үүнээс гадна бид Засгийн Газар, холбогдох яам, агентлагуудтай хамтран зарим ажлуудыг санаачлан хийхээр төлөвлөсөн. Мөн төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажилладаг сэтгүүлчдийн дунд чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулна. Төсөл маань эхлээд удаагүй байна. Бидний сонгосон 10 аймгийн 6 нь эрүүл мэндийн салбарт, үлдсэн нь боловсролын салбарт төсөл хэрэгжих билээ.

Увс аймгийн хувьд бусад аймгуудаас харьцангуй өөр, маш чухал асуудлыг сонгож авсан. Үйлчилгээний чанар, хүртээмж, ачааллыг бууруулах гэхээсээ илүүтэй цаад төлөвлөлттэй холбоотой худалдан авах ажиллагаа, хэрэгжилтийг иргэд өөрсдөө хянах ёстой гэсэн маш онцлог сэдэв сонгож авсан. Төсвийн хэмнэлт хийх, үр ашигтай ажиллах чиглэлийн сэдэв сонгож авсныг нь бид талархан хүлээж авсан. Өнгөрсөн оны 4-р сард аймгийн төр захиргааны болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болсон гурван хүнийг урьж ажиллуулсанаас хойш Увс аймгийнхан маш идэвхитэй сайн ажилласан. Тийм ч учраас бид ирж энэ ажлыг өөрсдийн нүдээр хараад цаашид ямар үр дүнд хүрч болох бэ, бусад аймгуудад энэ төслийг яаж хэрэгжүүлж болох бэ гэдэгтэй танилцаж байна. Төслийн багийнханд зөвлөхөд нийт иргэддээ сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн эмч мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийнхэнд сайн танилцуулаад явбал илүү сайн үр дүн гарахаар байгаа. Мэдээлэл муутайгаас болоод иргэд төрөөс хийж байгаа сайн сайхан ажлуудыг мэдэхгүй өнгөрөх тал байдаг.

Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын засаглал, худалдан авах ажиллагааны зөвлөх Н.Отгонжаргал:

Дэлхийн банк болон Швейцарын Хөгжлийн Агентлангаас Монгол Улсад иргэдийн оролцоо бүхий нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх загварыг бий болгох зорилгоор 10 аймгийг сонгон ажиллаж байна. Увс аймагт хэрэгжиж буй төслийн хувьд 2017 оны эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагаанд хөндлөнгийн хяналт бий болгоход бидний зүгээс тодорхой арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласнаар 112,9 сая төгрөгний хэмнэлт гаргасан нь чамлахааргүй үр дүн юм. Мөн аймгийн хэмжээнд нийт эмийн хэрэгцээг нэгтгэн худалдан авсан нь хэмнэлт гарах бас нэгэн хүчин зүйл болсон болов уу.

Үүнээс гадна бид анх удаагаа иргэдийн оролцоотойгоор худалдан авсан эмийн чанар байдалд хяналт тавьж, хэрэгцээгээ бодитой тодорхойлж захиалдаг болсноор цаашдаа хэрэггүй эм агуулахад байдаггүй, хэрэгцээнд нийцсэн эмүүд хангалттай захиалагддаг болох боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Ер нь цаашид иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлснээр эмийн хэрэглээг багасгаж, өөрөө өөрийгөө эрүүл байлгах талаар илүү анхаарал тавих нь чухал.

Транспэрэнси интернэшнл Монгол ТББ-ын орон нутгийн зөвлөх Ч.Чимэд:

Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн банкнаас санхүүжүүлж байгаа “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн анхны уулзалт дээр Увс аймгийнхаа иргэдийн төлөөлөл болж оролцож байсан. Энэ төслийг анх хэрэгжүүлэхдээ өнгөрсөн оны 6-р сард салбар салбарын төлөөлөл болсон 50 гаруй хүмүүс сууж байгаад Увс аймагт тулгамдаж байгаа асуудлуудыг тал талаас нь хөндөж ярьсан. Нийгмийн салбарт тулгамдсан асуудал юу байна гэхэд олон асуудал гарч ирсэн. Эрүүл мэндийн асуудал, тэр дотроо эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, түүний үр өгөөж, чанарын асуудал ноцтой байж, олон хүмүүсийн санааг зовоож байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт нээлттэй, ил тод биш байна, гэрээнийхээ дагуу явагдахгүй байна, 2-р шатлалын эмнэлгээр хэвтэн эмчлүүлэгсдийн эмийн хангамж муу байна, заримдаа тасарч байна, зарим эм тариа үйлчилгээний хувьд сэтгэлд хүрэхгүй байна гэсэн ноцтой асуудлууд гарч ирсэн. Үүнд олон нийтийн оролцоотой хяналтыг бий болгох замаар тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө явах ёстой гэж үзсэн. Иймээс хамгийн олон хүний санал авсан эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад иргэд олон нийтийн оролцоог бий болгох асуудлыг сонгон авч төсөл бичсэн. 

Өсвөр үе ирээдүй Увс төв ТББ-ын тэргүүн В.Төөрүүл:

2016 онд манай ТББ-аас эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, дутагдал их байгааг анзаарч, энэ талаараа иргэдээс судалгаа авахад яах аргагүй эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал гэдэг нь тогтоогдсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд иргэд өөрсдөө оролцох нь үр дүнтэй бөгөөд хамгийн гол нь учир дутагдлыг олж хаана нь доголдол байна, тэр доголдлыг засч залруулах нь зүйтэй гэж үзээд энэ төслийг манай ТББ орон нутагт удирдан хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Увс аймгийнхаа ТББ-уудад эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад оролцож, хамтран ажиллаач гэсэн санал уриалгыг хүргүүлж, одоогоор 11 ТББ-тай хамтран ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад хяналт тавих удирдлагын баг, хөндлөнгийн хяналт тавих баг, хүртээмж, чанар, байдалд үнэлгээ хийх мэргэжлийн баг, иргэдийн төлөөллийн баг гэсэн дөрвөн баг ажиллана. Төслийн гол зорилго нь иргэд сэтгэл ханамж дутмаг явдаг төрийн үйлчилгээндээ өөрсдөө оролцож, хэрэгцээгээ бүрэн хангахад оршиж байна. Мөн төрд ТББ-ын нөлөөллийг бий болгож, төрийн байгууллагууд иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан хөндлөнгийн хяналт хийлгэж ажлаа дүгнэдэг болохыг зорьж байна.

Аналист Б.Болор-Эрдэнэ

 

 

 

 

Санал асуулга