news
О.БАТБАЯР: Улс төр, эдийн засаг, бизнесийн орчинд авлигын эрсдэл өндөр, шүүх засаглал нь хараат байгаагаас индекс буурсан

Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн болох Транспэрэнси Интернэшнл Олон Улсын байгууллагаас улс орнуудын 2017 оны авлигын төсөөллийн индексийн дүнг танилцууллаа. Монгол Улсын хувьд 36 оноогоор 180 орноос 103 дугаар байрт жагсчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 16 байраар ухарсан үзүүлэлт билээ. Төсөөллийн судалгааны дүн юуг илэрхийлж байна вэ? Энэ судалгаа АТГ-ын ажлын үр дүнг илэрхийлэх үү? Ямар учраас байр ухарч олон улсын авлигын үзүүлэлтээр тааруу дүнтэй гарав? Шалтгаан нь юу вэ зэрэг асуудлаар “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын Гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа.

 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2017 оны Авлигын төсөөллийн индексийн онцлог нь юу байсан бэ? 

2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг дэлхий даяар Транспэрэнси Интернэшнл байгууллага үүсэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойгоор зарлалаа. Судалгаанаас харахад хэвлэл мэдээллийн эрх чөлөө бага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хамгаалалт сул улс орнуудад авлигын түвшин өндөр буюу авлигын индексийн оноо бага байна.

Авлигын төсөөллийн индекс нь тухайн улс орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэдэг. Авлигад өртсөн байдлыг 180 улсын түвшнийг жагсаан 100 хүртэлх оноогоор  дүгнэдэг бөгөөд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг бол "0" оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог. Энэ жил авлигын төсөөллийн индексээр 50-аас доош оноо авсан улс орнуудаас гуравны хоёроос дээш оноо авсан улсуудын дундаж оноо 43 байна.

Сүүлийн 6 жилийн турш Кот Ивуар, Сенегал, Их Британи зэрэг улсуудын авлигын төсөөллийн индексийн оноо сайжирсан бол Сири, Йемен, Австрали зэрэг хэд хэдэн улсууд буурчээ.

2017 оны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 81 улсын оноо нь сайжирсан боловч 62 улсын оноо буурч, авлигын төсөөллийн индексийг Шинэ Зеланд, Дани Улс 89 оноогоор тэргүүлсэн бол Сири, Өмнөд Судан, Сомали зэрэг улсууд нь хамгийн бага буюу 14, 12, 9 оноогоор сүүлийн байрт жагслаа. Хамгийн сайн гүйцэтгэлтэй бүс нутаг болсон Баруун Европын орнууд нь дунджаар 66 оноотой бол хамгийн муу үзүүлэлттэй бүс нутагт Сахараас урагш Африк, Зүүн Европ, Төв Азийн улсууд багтсан. Аль ч улс авлигаас бүрэн ангид байх боломжгүй ч гэлээ оноогоороо дээгүүр жагссан улс орон нь нээлттэй засаглал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэний эрх, эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг улсууд юм. Авлигын төсөөллийн индексээрээ доогуур жагссан улс орнууд нь авлигачид ял шийтгэлгүй өнгөрдөг, ядуу засаглалтай, сул дорой институцтай байдлаараа бага оноо авсан байна.

- Хэвлэлийн эрх чөлөө авлигын индекс хоорондоо холбоотой байгааг та дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?

Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексийн үр дүнг цаашид авлигын түвшин, сэтгүүл зүйн эрх чөлөөг хамгаалах, иргэний нийгмийн оролцоог хамгаалах талаар судалж үзсэн байна. 2012 оноос хойш амь насаа алдсан сэтгүүлчид нь бүгд  авлигад автсан авлигын индексийн оноо бага  орнуудад амиа алдсан байна. Сэтгүүлчдийг хамгаалах комиссын дүн шинжилгээгээр өнгөрсөн зургаан жилийн хугацаанд дэлхий даяар амиа алдсан 10 сэтгүүлчийн 9 нь  Авлигын төсөөллийн индексээр 45-аас бага оноо авсан улсуудад амиа алджээ.  Энэ нь дунджаар долоо хоног тутам дор хаяж нэг сэтгүүлч авлига ихтэй улсад амь насаа алдаж байна гэсэн үг. 

Үүнээс гадна нас барсан таван сэтгүүлчийн нэг нь авлигын тухай сэдвийг хөндсөн байжээ. Харамсалтай нь уг хэргүүдийн ихэнхид нь шүүх байгууллага  илрүүлэн ял оноогоогүй байна.

Транспэрэнси Интернэшнл Олон Улсын байгууллагын гүйцэтгэх  захирал Patricia Moreira Авлигын төсөөллийн индексийг зарлах үеэр  Берлин хотноо хэлэхдээ "Сэтгүүлч, сурвалжлагчид авлигын эсрэг дуугарахдаа айдасгүй байх ёстой. Авлига өндөр орнуудад ихээхэн далайцтайгаар иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарыг нухчин дарж байгаа бөгөөд бид иргэний нийгэм ба хэвлэл мэдээллийг хамгаалж, илүү өргөн далайцтайгаар авлигын эсрэг дуугарах ёстой" гэж  онцолсон.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын дэлхий даяар 100 гаруй салбартайгаа хамтран ажилладаг туршлага нь авлигал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хоорондын уялдаа холбоог баталгаажуулдаг. Жишээлбэл, энэ жилийн индексээр 37 оноо авсан Бразильд сүүлийн зургаан жилд 20 сэтгүүлч нас баржээ. Орон нутгийн засаг захиргааны авлига, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлага хийж буй Бразилийн сэтгүүлчдийн амь нас өдөр тутам эрсдэлтэй учирч байна. Тэгэхээр авлигын индекс өндөр байгаа орнуудад хэвлэлийн эрх чөлөө бага хэвлэлийг олон нийтээс хамгаалахгүй байна гэж үзэж болно.

- Авлигын индекс өндөр орнуудад мөн иргэний нийгмийн оролцоо сул байна гэж та сая хэллээ, энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Транспэрэнси Интернэшнл байгууллага нь авлигын түвшин болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх, төрийн бодлогод нөлөөлөх эрх чөлөөний харилцан хамаарлыг судлан дүгнэлт гаргадаг билээ. Дэлхийн шударга ёсны (World Justice Forum ) төслийн судалгаанаас үзэхэд иргэний эрх чөлөөн дээр бага оноо авсан улс орнууд авлигын түвшин хамгийн өндөр буюу авлигын индексийн оноо хамгийн бага байна.

Иргэнийн нийгмийн байгууллагуудыг боомилохын тулд "Татан буулгах кампанит ажил явуулах, дарамт шахалт үзүүлэх гэх мэт аргуудыг хэрэглэж байна. Мөн иргэний нийгмийн оролцоог хязгаарлах хуулиудыг батлан гаргаж байна.

Унгар Улсын авлигын төсөөллийн индекс нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 10 нэгжээр буурсан  ба  2012 онд 55 байсан бол 2017 онд 45 болсон нь Зүүн Европын иргэний нийгмийн орон зайг багасгах оролдлого хийсний бодит жишээ билээ.  Унгарт саяхан боловсруулсан хуулийн төсөл нь  ТББ-уудыг хязгаарлаж, тэдний  хандив санхүүжилт авах үйл ажиллагааг хазаарлах  зорилготой юм. Энэ хуулийг Унгарын парламент батлах ёсгүй.  Энэ нь олон иргэний нийгмийг сүйрэлд хүргэж,  оролцоог нь хязгаарлах болно. Бид ийм үйл ажиллагаа явуулж буй засгийн газруудад, иргэний нийгмийн  оролцоог нэмэгдүүлэхийг уриалж байна хэмээн Транспэрэнси Интернешнл байгууллагын гүйцэтгэх  захирал Patricia Moreira  Берлин хотноо мэдэгдсэн. Энэ нь бас Монгол Улстай ч холбоотой. Учир нь манай улс иргэний нийгмээ шахаж хавчаад эхэлсэн байна.

- Авлигын төсөөллийн индекс яг юуг хэмждэг вэ? Энэ талаар та дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?

Транспэрэнси Интэрнэшнл байгууллагаас 1995 оноос хойш гаргаж эхэлсэн  Авлигын төсөөллийн индекс нь тухайн улсын хууль тогтоох байгууллага ба хууль хэрэгжүүлэх байгууллага мөн шүүх засаглалд  байгаа авлигын орчинг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалаар тооцоолон гаргаж дэлхий даяар мэдээлдэг чухал  үзүүлэлт билээ. Энэхүү индекс нь дэлхийн өнцөг булан бүрээс авсан улс орнуудын авлигын харьцангуй түвшинг жил бүр гаргаж өгдөг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.transparency.org/research/cpi хаягаар орж үзэх боломжтой.  

Авлигал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эв нэгдэл, эрх чөлөөний харилцан хамаарлыг харуулсан манай хамгийн сүүлийн үеийн дүн шинжилгээнд Сэтгүүлчдийг хамгаалах сэтгүүл, Хил хязгааргүй сурвалжлагч, Ардчиллын төслийн төрөл зүйл, Дэлхийн шударга ёсны төсөл зэргээс цуглуулсан статистик мэдээллийг ашигладаг. Энэхүү байгууллагуудад бид талархаж байдаг.

Авлигын индекс юуг хэмждэг бэ?

- Тухайн оронд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх

- Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх

- Засгийн газар авлигын эсрэг үр дүнтэйгээр тэмцэж, шударга байдыг төрийн салбарт хэвшүүлж байгаа

- Зориудаар хүнд сурталыг бий болгож, авлигыг дэмжиж байгаа эсэх

- Төрийн албанд томилгоо хийхдээ ур чадварыг үнэлдэг , эсвэл танил талын  томилгоо хийж байгаа эсэх

- Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх

- Хөрөнгө орлогын мэдүүлэг авах, ашиг сонирхлыг зөрчлөөс сэргийлэх хангалттай эрхзүйн орчин байгаа эсэx

- Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрхзүйн орчин байгаа эсэх

- Төрийн үйл ажиллагааны мэдээлэл иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа эсэх

- Бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн далд ашиг сонирхол нь хууль тогтоох болон гүйцэтгэх мөн шүүх засаглалд нөлөөлдөг эсэхийг хэмждэг.

 Авлигын индекс юуг хэмждэггүй вэ?

- Авлигатай нүүр тулсан иргэдийн авлигын үзэл бодол

- Татвараас зайлсхийсэн эсэх

- Хууль бус санхүүгийн гүйлгээ

- Тухайн улсын авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг хэмждэггүй

- Мөнгө угаах гэмт хэрэг

- Хувийн хэвшлийн хоорондын авлигыг авлигын индекс хэмждэггүй

- Монгол Улсын  авлигын индексэд  ямар онцлог байсан бэ? Яагаад энэ жил буурав? Ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн бэ?

Энэ асуултад хариулахын тулд Монгол Улсад оноо өгсөн олон улсын эксперт байгууллагууд ямар шалгуураар оноо өгснийг харах хэрэгтэй. Транспэрэнси Интернэшнл байгууллага Авлигын төсөөллийн индексийн дүнг тооцохдоо 13 мэдээллийн эх сурвалжийг ашигладаг. Харин манай улсын дүнг тооцохдоо 9 эх сурвалжийн мэдээллийг ашигласан байна.

Өмнөхөөс үнэлгээ буурсан 5 үзүүлэлт байгаа. Энэ нь улс орны бодлого, институцийн үнэлгээ, үзэл бодлын судалгаа, хууль дээдлэх ёсны индекс, бизнесийн орчин, эрсдлийн үзүүлэлт, өрсөлдөх чадвар байв. Гол оноог бид эдийн засгийн орчин, түүн дотроо зээлийн зэрэгжил буурснаас болж алдсан. Төсвийн хөрөнгийг хариуцлагагүй, ил тод бусаар зарцуулж байна гэсэн үзүүлэлт дээр ихээхэн оноо алдлаа. Төсвийн хөрөнгийг хариуцлагагүй зарцуулсан хүмүүс хариуцлага хүлээхгүй байгаа нь оноо алдахад нөлөөллөө. Мөн Монголд бизнес хийж байгаа гадны ба дотоодын бизнес лидерүүд бизнесийн орчин авлигатай байна гэж үзсэн нь ихээхэн оноо алдахад нөлөөлсөн.

Тэгэхээр төсөөллийн судалгааны дүнд үндэслэн Транспэрэнси Интернэшнл байгууллагаас манай улсад тодорхой зөвлөгөө өгч байгаа. Шийдвэр гаргагч нарт хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, хариуцлага алдсан хүмүүст шийтгэл оноодог байх, бизнесийн орчин дахь авлигын эрсдлийг бууруулах, чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, ашиг сонирхлын зөрчилтэй улстөрчдийн төсвийн хөрөнгө завших боломжийг таслан зогсоох, төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдэд зохиомол бэрхшээл учруулж байгааг зогсоох, баялаг бүтээгчдийг дэмжиж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, бизнесийн орчинг сайжруулах, хуулийн засаглал дахь шударга байдлын үнэлгээг нэмэгдүүлэх зэрэг зөвлөмжийг өгч байгаа. Улстөрчдийн нөлөө ба авлигын эрсдэл нь прокурор болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж байгаа нь оноо буурахад нөлөөлсөн байх талтай. Хуулийн засаглалын хараат бус байдлыг бэхжүүлэхийг зөвлөж байна. Улс төрийн намуудын авлига, ил тод бус санхүүжилт, улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан капитализмын (crony capitalism) тогтолцоог устгах шаардлагатайг харуулж байна.

- Өссөн ганц үзүүлэлт байгаа юм билээ. Тэр нь юуг хэмжсэн байсан бэ?

Эерэг үзүүлэлт бас байгаа. Улс орнуудын шилжилтийн индексийн үзүүлэлтээр 41 оноо авч өмнөхөөс 5 оноогоор өссөн. Энэ нь  АТГ-ын 2016-2017 онд шалгасан болон шийдвэрлэсэн авлигын хэргүүд өсч Засгийн газарт авлигатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзэл бий болсныг илэрхийлсэн эерэг үзүүлэлт боллоо.  

Цаашид АТГ-ыг бүх талаар улам сайн бэхжүүлэх шаардлагатай. Засгийн газар авлигын эсрэг үйл ажиллагаагаа илүү сайн эрчимжүүлэх ёстой.

- АТГ гэснээс авлигын төсөөллийн индекс нь АТГ-ын ажлын үр дүнг хэмждэг үү? 

Транспэрэнси Интэрнэшнл байгууллагаас 1995 оноос хойш гаргаж эхэлсэн  Авлигын төсөөллийн индекс нь тухайн улсын хууль тогтоох байгууллага ба хууль хэрэгжүүлэх байгууллага мөн шүүх засаглалд  байгаа авлигын орчинг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалаар тооцоолон гаргаж ирж дэлхий даяар мэдээлдэг чухал  үзүүлэлт юм.

Авлигын индексээр тухайн улс оронд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг эсэх, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигладаг эсэх, Засгийн газар авлигын эсрэг үр дүнтэйгээр тэмцэж, шударга байдыг төрийн салбарт хэвшүүлдэг эсэх, зориудаар хүнд суртлыг бий болгож, авлигыг дэмждэг эсэх, төрийн албанд томилгоо хийхдээ  танил тал хардаг эсэх, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтанд хариуцлага тооцдог эсэх, хөрөнгө орлогын мэдүүлэг авах, ашиг сонирхлыг зөрчлөөс сэргийлэх хангалттай эрх зүйн орчин байгаа эсэx, шүгэл үлээгч, сэтгүүлчдийг хамгаалсан хууль, эрх зүйн орчинтой эсэх, төрийн үйл ажиллагааны мэдээлэл нээлттэй эсэх, бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн далд ашиг сонирхол нь хууль тогтоох болон гүйцэтгэх мөн шүүх засаглалд нөлөөлдөг эсэхийг хэмждэг.

Харин авлигатай нүүр тулсан иргэдийн авлигын талаарх үзэл бодол, татвараас зайлсхийсэн эсэх, хууль бус санхүүгийн гүйлгээ, мөнгө угаах гэмт хэрэг, хувийн хэвшлийн хоорондын авлига, тухайн улсын авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг хэмждэггүй. Тэгэхээр Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтүүдийг АТГ-ын ажлын үр дүнтэй холбох нь утгагүй, тэгэх ч боломжгүй.

- Ирэх онд авлигын индекс оноо өсөх боломж байна гэж та харж байна уу?

Манай улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн орчин сайжирч эхэлсэн нь эдийн засгийн талын оноонууд өсөхөд шууд нөлөөлнө. Шүүх засаглал дахь хараат байдал сайжирч прокурор ба шүүгчид улс төрчдийн захиалгаар ажиллахаа зогсоовол оноо бас сайжирна.

Мөн төрийн байгууллагууд ба албан хаагчид бизнесийн компаниудаас авлига нэхэх орон зайг хумивал оноо өснө. Төсвийн хөрөнгийг ил тод хариуцлагатай зарцуулан, ажлын хариуцлага алдсан хүнд хариуцлага тооцдог механизмтай болвол оноо бас өснө. Хэвлэлийн эрх чөлөөг хумисан зөрчлийн хууль, иргэнийн нийгмийг шахсан хуулийн орчиноо өөрчилвөл мөн оноо өсөх байх. Мэдээж улс төрчид, хууль тогтоогчид  авлигын эсрэг тэмцэж байгаа Хоточ нохой болсон Авлигатай Тэмцэх Газраа барьж аваад балбаад байхгүй хууль эрх зүйн орчинг нь улам сайжруулаад санхүү хүний нөөцийг нь нэмэгдүүлж ажиллаж байж бас оноо сайжирна.

Учир нь гол оноог авлигын эсрэг тэмцэж буй Засгийн газрын  улс төрийн хүсэл эрмэлзэл хэр өндөр байгаа дээр өгдөг. Транспэрэнси Интернэшнл байгууллага Дэлхийн бүх орнууд түүн дотроо Ази тивийн хамаатан садансаг соёлын  өвөрмөц онцлогтой орнууд Авлигатай тэмцэх газраа бэхжүүлэн авлигыг устгасан Хонгконг, Сингапур, Тайвань улсуудын жишигээр ажиллах ёстой гэж үздэг.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын зөвлөмж

Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014  онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд,  2017 онд 36 оноотой 103 байранд орсон байна.Сүүлийн 5 жилийн үзүүлэлт зогсонги байдалд байгаа нь авлигын эсрэг  чиглэлд хууль эрх зүйн томоохон өөрчлөлт хийхгүй  байгаатай холбоотой байна.

 

  1. World Bank Country Policy and Institutional Assessment 2017 - Дэлхийн банкны улс орнуудын Бодлого ба институцийн үнэлгээгээр 43 оноо авч өмнөхөөс оныхоос 2 оноогоор буурсан нь шийдвэр гаргагчдын хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.
  2. World Economic Forum Executive Opinion Survey 2017 - Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаагаар 43 оноо авч өмнөх үеэс мөн 2 оноо буурсан нь бизнэсийн орчин дахь авлигын эрсдэл өндөр байгааг энэ чиглэлд дэвшил гаргах ёстой.
  3. Global Insight Country Risk Ratings 2016 - Глобал Инсайт Улс орнуудын эрсдлийн эрэмбэ судалгааны дүнгээр 35 оноо авч өмнөхөөс 7 оноогоор буурсан нь төрийн байгууллагууд бизнэс эрхлэгчдийн үйл ажиллагаанд зохиомол бэрхшээл, саад тотгор учруулж, улмаар авлигын шалтгаан нөхцлийг үүсгэж байгааг анхааралдаа авч, бизнесийн үйл ажиллагаанд элдэв саад тотгор, чирэгдэл хүнд суртлыг бууруулах шаардлагатай юм.
  4. Bertelsmann Foundation Transformation Index 2017-2018 - Бэртслманн Фонд Улс орнуудын шилжилтийн индексээс 41 оноо авсан нь өмнөхөөс 5 оноогоор өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь АТГ 2016-2017 онуудад шалгасан болон шийдвэрлэсэн авлигын хэргүүдийн тоо өсч засгийн газарт авлигатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзлэл бий болсныг илэрхийлж байна. Азийн орнуудад авлигатай тэмцэхэд дэвшил гаргасан нэг гол хүчин зүйл нь авлигатай тэмцэх байгууллагаа бэхжүүлэх ирсэн явдал юм. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд АТГ-ын байр суурийг ганхуулж, хууль зүйн орчныг сулруулахыг оролдох явдал ажиглагдах болсон ба харин ч эсрэгээр нь Авлигатай тэмцэх байгууллагыг бэхжүүлж, Авлигын эсрэг хууль зүйн орчинг боловсронгуй болгон, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын уг үндсээр нь устгаж, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал болохыг онцолж байна.
  5. IMD World Competitiveness Yearbook 2017- Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаагаар 33 оноо авч, өмнөхөөс 4 оноогоор буурсан нь баялаг бүтээгч компаниудыг дэмжих чөлөөт өрсөлдөөнийг бий болгож бизнэсийн орчинг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Төрийн бодлого үйл ажиллагаа тогтворгүй байсны улмаас гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж, дотоодын бизнесийн салбарт сөргөөр нөлөөлж Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж, авлигын эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, худалдан авалтын үйл ажиллагаанд ил тод болон үр ашигийг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Транспэрэнси Интернэшнл байгууллагын боловсруулсан төрийн өмчит компаниудын авлигаас сэргийлэх гарын авлагыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
  6. World Justice Project Rule of Law Index Expert Survey 2017–2018 - Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс 2 оноогоор буурч, 36 оноо авсан нь хуулийн засаглалд дахь шударга байдлын үнэлгээ буурсныг харуулж байна. Улс төрчдийн нөлөө ба авлигын эрсдэл прокурор болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж байгаа нь оноо буурахад нөлөөлсөн байх талтай. Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.
  7. Political Economic Risk Consultancy – Asian Intelligence 2017- Улс орнуудын эрсдлийн гарын авлага судалгааны дүнгээр 32 оноо авсан нь өмнөх онынхоос оноо өөрчлөгдөөгүй боловч улс төрийн намуудын авлига, санхүүжилт, улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан капитализм (crony capitalism) тогтолцоог устгах шаардлагатай байгааг харуулж байна.
  8. Varieties of Democracy (V-Dem) 2017- Улс орнуудын ардчиллын хэмжүүр судалгаагаар 35 оноо авч өмнөх оноос 1 оноогоор ахисан нь иргэдийн оролцоо, хяналттай ардчиллын тогтолцоог бэхжүүлсэнээр оноог өсгөх боломжтойг харуулж байна.
  9. Economist Intelligence Unit Country Risk Service 2017- Улс орнуудын эдийн засгийн эрсдлийн судалгаагаар 37 оноо авсан бөгөөд өмнөх судлагааны оноо хэвээрээ ба төсвийн зарцуулалтыг үр ашигтай, ил тод хариуцлагатай болгох, төрийн албаны томилгоог ур чадвар мерит зарчмаар явуулсан явуулж хэвшсэн тохиолдолд судалгааны оноог нэмэгдүүлэх боломжтой.                                                    

  Ерөнхий зөвлөмж

1. Хууль тогтоох засаглал

Монгол Улсын авлигын төсөөллийн индекс буурахад нөлөөлсөн бас нэг  шалтгаан нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүхийн  байгууллагуудын хараат бус байдал суларч байгаа нь сөргөөр нөлөөлж нөлөөлж байна. Авлигын томоохон хэргүүдийн шийдвэрлэлт удааширч, ял шийтгэлгүй өнгөрөх, авлигын улмаас улсад учирсан хохирол эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг сулрахад хүргэж байна.  Хууль тогтоох  байгууллага нь улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан капитализм ( crony capitalism )  бүлэглэлийн нөлөөнөөс ангид байх ёстой. Шүгэл үлээгч нарыг хамгаалах хуулийг батлах ёстой. Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийг улс төрчдийн нөлөөлөл, дарамт шахалтаас ангид байлгах, хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын ардчиллыг  сонгуулийн ардчиллаас сонгуулийн дараахь иргэдийн оролцоо, хяналт зөвшилцөлийн ардчилал болгон төлөвшүүлэхэд шаардлагтатай хууль зүйн орчинг бүрдүүлэх нь  зүйтэй.Улс төрийн намуудын  ба санхүүжилт  хууль сул байгаа нь авлигын нэг гол шалтгаан болж байна. Дээр дурдсан асуудал тус бүр дээр  шаардлагатай хууль зүйн орчинг боловсронгуй болгох  хуулиудыг батлан гаргах  шаардлагатайг онцлон тэмдэглэж байна.

2. Гүйцэтгэх засаглал

Төсвийн зарцуулалтад хариуцлага ба ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх нь нэн чухал байна. Төрийн албан хаагчдыг ур чадварт суурилан томилж, улс төрийн томилгоо, нөлөөллийг таслан зогсоох шаардлагатай байна. АТГ-ын байр суурийг ганхуулж, хууль зүйн орчныг сулруулахыг оролдох явдал ажиглагдах болсон ба харин ч эсрэгээр нь Авлигатай тэмцэх байгууллагыг бэхжүүлж Авлигатай тэмцэх  үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай.

3. Шүүх Засаглал

Дэлхийн Шударга Байдлын Төслийн үнэлгээнд дурдагдсан Шүүгч ба Прокуроруудын хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагтай байгааг онцолж байна.

4. Иргэний нийгэм

Залуус болон иргэдийн авлигын эсрэг оролцоог нэмэгдүүлэх, технологийн дэвшилийг ашиглах явдлыг нэмэгдүүлэх нь чухал байна. Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийн авлигын эсрэг оролцоог нэмэгдэх ёстой, Шийдвэр гаргагч нарт тавих иргэдийн эгэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд иргэн бүр идэвхтэй оролцож шаардлагтай үед холбогдох байгууллагт мэдээлэх ёстой.

- Төр, засаг болон бизнесийн салбарынхан чөлөөтэй ярих, бие даасан хэвлэл мэдээлэл, улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх мөн иргэний нийгмийг оролцуулах зэргээр зайлшгүй дэмжих үүрэгтэй.

- Иргэний нийгмийн зүгээс шийдвэр гаргагчид болон засгийн газруудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж тэдний хариуцлагыг өндөржүүлэх ёстой. Иргэний нийгмийн орон зай сул, иргэдийн оролцоо сул, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлсан улс орнуудад авлигын эсрэг тэмцэх боломжгүй байдаг.

- Улс орнууд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган ажиллахдаа зорилт тус бүр дээр авлигын асуудлыг онцлох ёстой. Мөн 2030 онд Тогтовортой Хөгжлийн Зорилтыг биелүүлэхдээ авлигыг бууруулах зорилгоор илүү их арга хэмжээ авч ажиллах шаардлагатай.

- Авлигыг бууруулж чадсан орнууд тухайлбал Их 20 болон ЭЗХАХБ(OECD), НҮБ нь улс орнууд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагыг илүү нээлттэй, чөлөөтэй байлгахад туслах чиглүүлэх хэрэгтэй.

- Авлигын индексээр тэргүүлэгч авлигыг бууруулж чадсан орнууд нь авлига өндөр орнуудаас авлига нэвтрэхийг зогсоохын тулд орж ирж буй хөрөнгийнх эх үүсвэрийг хянадаг байх ёстой. Түүнчлэн авлигын индекс оноо өндөр орнууд авлига индексийн оноо бага, авлига ихтэй орнуудад авлигын эсрэн тэмцэхэд нь техникнийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой.

 

Ярилцсан: Б.Болор-Эрдэнэ  

                                                                                                                                                          

 

 

 

 

 

 

 

 

Санал асуулга