news
Хэвлэлийн мэдээ: Шударга Бизнес Монгол Улсын хөтөлбөрийн үнэлгээний тайлан

Шударга Бизнес Монгол Улсын хөтөлбөрийн үнэлгээний тайлан                                                   

BICA (Business Integrity Country Agenda) нь Транспэрэнси Интернэшнл (ТИ) байгууллагын санаачилга бөгөөд бизнесийн орчин дахь авлигыг бууруулах зорилготой. Засгийн Газар, бизнесийн салбар, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулсан хамтын ажиллагаа нь бизнесийн шударга ёсыг дэмжиж авлигыг бууруулахад  илүү үр дүнтэй гэж үздэг.  Энэхүү санаачилга нь дараах үе шаттай.  

Үүнд:

1) Тухайн улсын бизнесийн орчны шударга орчныг  үнэлэх,

2) Үнэлгээний гол үр дүнд тулгуурлан боловсруулсан, хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинэчлэлийн хөтөлбөр багтана.

BICA нь бизнесийн салбар дахь шударга байдлыг үнэлсэн анхны томоохон хэмжээний боловсронгуй  үнэлгээ   бөгөөд Монголоос гадна хэд хэдэн оронд хийгдээд байна. Энэхүү үнэлгээ  нь бизнесийн орчинд  чухал нөлөөтэй оролцогчид болох иргэний нийгмийн байгууллагын оролцоо,  төрийн байгууллагын нөлөө ба хувийн хэвшлийн шударга байдлыг үнэлсэн болно. Үнэлгээг хийхдээ төрийн байгууллагуудыг 9 үндсэн индикатор ба 15 дэд индикатороор, хувийн салбарыг 5 үндсэн индикатор, 17 дэд индикатороор, иргэний нийгмийг 1 үндсэн ба 3 дэд индикатороор үнэлсэн болно.

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагуудыг 9 үндсэн индикатор, 15 дэд индикатороор үнэлсэн ба Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх асуудалд өндөр ач холбогдол өгдөг эсэх, Монгол Улс авлигыг хязгаарлах, хориглох, ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө орлогоо мэдүүлэх тухай цогц хууль тогтоомжтой эсэх,  Төрийн албан хаагчийг хахуульдах, арилжааны хахууль өгөх, мөнгө угаах, хуйвалдах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, аудит хийх, зохисгүй нөлөөллөөс сэргийлэх, худалдан авалт болон татварын удирдлагатай холбогдох, ихэнх төрийн салбарын чиглэлүүд нь олон улсын стандартад нийцсэн хууль тогтоомжтой эсэх, улс төрийн намын санхүүжилтээс гадна мэдээлэгчийг буюу шүгэл үлээгчийг хамгаалах лоббиг зохицуулсан хууль тогтоомжтой эсэх дээр үнэлгээ хийсэн. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилт дээр үнэлгээ хийсэн.

Төрийн, бизнесийн салбарт авлига, хуйвалдаан, зохисгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, шалгалт хийх үүрэг бүхий байгууллагууд (тухайлбал Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар, Үндэсний аудитын газар)-ын бие даасан байдал хангалтгүй, улс төрийн нөлөөнд өртөмтгий байдал нь бизнест хэрхэн нөлөөлж байгааг үнэлсэн болно.

Тухайлбал үнэлгээнээс харахад эдгээр байгууллагын даргыг томилоход эрх барьж буй улс төрийн хүчин ихээхэн нөлөөлдөг нь эдгээр байгууллагын зохион байгуулалт, хүний нөөцийг тогворгүйжүүлж улмаар төрөөс бизнесийн шударга байдалд  сөргөөр нөлөөлж байна.

Хуулийн орчин бүрдсэн боловч хуулийн хэрэгжилт асуудалтай байдаг нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал юм. Азийн сан (2015 оны 9 сар) болон GCR (2015-2016) зэрэг байгууллагын тайлангаас харахад одоо үйлчилж буй хууль тогтоомж авлигаас урьдчилан сэргийлэх болон таслан зогсооход үр ашиг муутай байна гэж компаниуд үзжээ. Мөн бизнесийн байгууллагын хувьд Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн захиргаа, Гаалийн байгууллагыг гол асуудал үүсгэдэг гэж тодорхойлжээ. Цаашлаад төрийн байгууллагаас зарласан тендерийн шалгаруулалтад улс төр, гэр бүлийн холбоо сүлбээ ихээхэн нөлөө үзүүлдэг гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл танил тал, хамаатан саднаа харж үзэх явдал өргөн дэлгэрчээ.

Шударга бизнесийг дэмжсэн дэмжлэг маш сул байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь Засгийн Газрын бүх бараа, үйлчилгээний худалдан авалтыг тендерээр шалгаруулахыг шаардаж, цахим худалдан авалтыг ашиглах нь нэмэгджээ. Гэвч тендерийн бичиг баримтын тухайд өнөөгийн хууль тогтоомж, стандарт нь компанийг ёс зүйн дүрэм эсвэл авлигын эсрэг бодлоготой байхыг шаарддаггүй. Зөрчилтэй компанид хориг тавих тогтолцоо, түүний хэрэгжилт тодорхойгүй байна. Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартыг мөрдөхтэй холбогдох хуулийн хэрэгжилтийн мэдээлэл олон нийтэд нээлттэй бус, эцсийн эздийн талаарх мэдээлэл зөвхөн зохицуулагч байгууллагад нээлттэй байдаг. Одоогоор шүгэл үлээгчийг хамгаалах хууль өргөн баригдсан ч УИХ батлаагүй байгаа нь үнэлгээнд сөргөөр нөлөөлж  байна. Улс төрийн намуудын сонгуулийн өмнө болон дараах ил тод байдлын шаардлагууд огт хэрэгждэггүй, сонгуулийн бүрэн хэмжээний дэлгэрэнгүй санхүүгийн тайлан олон нийтэд хаалттай байдаг байна.

Хэдийгээр гааль, татвар зэрэг хэрэгжүүлэгч агентлагийн дотоод аудит, хяналтын газрууд сайн ажилладаг байж болох ч эдгээр байгууллагын тайлангаас үр дүнгийн талаар тодорхой тоон мэдээлэл харагдахгүй байна. Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын Газар болон бусад холбогдох байгууллагууд өөрсдийн тайландаа авилгатай холбогдох тоон мэдээлэл, үзүүлэлтийг тусгаагүй байна.

Хувийн хэвшил

Монгол Улсын хувийн хэвшлийн салбар дахь шударга байдлыг үнэлэхдээ 5 үндсэн индикатор, 17 дэд индикатороор үнэлсэн болно. Төрийн оролцоо нь  компаниуд, бизнесийн холбоодын бизнесийн үйл ажиллагаан дахь шударга бус байдлын эрсдэл, авлигаас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг болдог эсэх, компаниуд  авлигын эсрэг хөтөлбөр, бодлоготой эсэхэд үнэлгээ хийсэн болно. Цөөн компаниуд холбогдох хууль, тогтоомжийг даган мөрдөх амлалтаа өгчээ. Гэхдээ хэрэгжиж буй хөтөлбөрүүд авлигын боломжит эрсдлийг бүх талаас нь авч үзэхэд учир дутагдалтай, бизнесийн онцлогийг тусгаагүй байдаг. Энэ чиглэлээр идэвхтэй, нөлөө бүхий холбоодын тоо хангалтгүй байна. Авлигын эсрэг тэмцэх хамтарсан төсөл, санаачилгууд тодорхой биш байна. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Мэргэжлийн бизнесийн холбоодын гишүүдэд тавих авлигын эсрэг хөтөлбөр, бодлого, журмын шаардлагууд сул байна.

Авлигын эсрэг төрийн хүчин чармайлт үр дүн муутай байхаас гадна компаниуд өөрсдийн санаачилгыг танилцуулахдаа хойрго хандаж байна.  Дотоод аудитын нэгж компаниудад тэр бүр байхгүй байгаа бөгөөд дотоод аудитын чанарыг баталгаажуулсан аудитын тайлан харагдахгүй байна. Шүгэл үлээгчийн мэдлэг, соёл муу учраас мэдээлэгчийн хамгаалалт сул эсвэл огт хамгаалахгүй байна. Компаниуд ашиг хүртэгч эцсийн эзэмшигчийг зарладаггүй, улс төрийн хандивын мэдээллээ нээлттэй болгодоггүй. Маш цөөн тооны компани хувьцаа эзэмшигчдийнхээ талаар мэдээллийг тайлагнадаг. Аж ахуйн нэгж байгууллагын эцсийн эзэмшигчийн талаарх мэдээллийг нээлттэй байлгах, тайлагнахыг хуулиар шаарддаггүй.

Компаний удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хуулиар хангаагүй учраас удирдах зөвлөл компанийн авлигын эсрэг бодлого хөтөлбөрийг хянах үүрэг хүлээдэггүй нь үнэлгээнээс харагдлаа.

Иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоо ба бизнесийн шударга байдал дахь оролцоо

Иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоо бизнесийн шударга байдал дах оролцоог 1 үндсэн 3 дэд индикатороор үнэлсэн болно. Иргэний нийгмийн зүгээс бизнесийн ёс зүйд тавих хяналт ямар байгаа, төрийн худалдан авалт болон олборлох үйлдвэрлэлд болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьдаг эсэх дээр үнэлгээг хийлээ.

Судалгаагаар Иргэний Нийгмийн Байгууллагууд бизнесийн салбар дахь авлигаас сэргийлэх, хянах талаар төдийлөн амжилттай үйл ажиллагаа явуулж байгаагүй. ИНБ-ууд төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцдог нь онцлууштай. Гэвч судалгаанд оролцсон дийлэнх компаниуд төрийн худалдан авалтын гэрээ, тендерийн үйл ажиллагаанд оролцох явцдаа авлигын нөхцөл байдалтай тулгарч байсан тухайгаа мэдэгджээ. Төрийн өмчийн худалдан авалт хийх гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл, лиценз авах зэрэг явц дунд хахууль, зүй ёсны бус төлбөрүүд хийгдэх явдал түгээмэл гардаг. Олон нийтийн зүгээс төрийн өмчийн худалдан авалтын явцад авлига өгөх магадлал өндөр байдаг. Авлигын хэргүүдийг амжилттай шийдэж буй баримт хангалтгүй гэж үзэхийн зэрэгцээ ИНБ-уудын зүгээс тендерийг авлигаар шийдэх асуудлыг зогсооход чиглэсэн үйл ажиллагааны хүчин чармайлт хангалтгүй байгаа нь ИНБ-уудын оролцоо үр дүн муутай байгааг илтгэж байна. Иймд цаашид хувийн хэвшлийн салбарт бизнес эрхлэгчдийн ёс зүйд тавих хяналтыг дээшлүүлэх, ажиллах хүчний эрхийг хамгаалах чиглэлээр ИНБ-уудын чадавхыг бэхжүүлэх нь чухал байна.

Хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн ёс зүйд хяналт тавихад бэрхшээлтэй байдаг. Дийлэнх аж ахуйн нэгж байгууллагад ёс зүйн дүрэм болон/ эсхүл бодлого байдаггүй. Байсан ч гэсэн тэдгээр дүрмийг зөрчсөн тохиолдолд хуулийн хүрээнд биш байгууллага дотроо асуудлыг шийдвэрлэдэг байна.

Хэвлэл, мэдээллийн бие даасан байдлыг тодорхойлох шалгуурын үр дүн нилээд сэтгэл зовинуулахаар байна. Ил тод бус байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилт, эзэмшигчдийн мэдээлэл хаалттай байдал нь хэт төвлөрлийг үүсгэхийн зэрэгцээ монополиудыг төрүүлж байна.

Дийлэнх хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн аливаа нам, улс төрийн хүчнээс хамааралтай байна. Иймд олон нийт мэдээллийн хэрэгслийг нийтийн эрх ашгийг хамгаалсан манаач гэж үзэхээс илүүтэй улс төрийн системийн нэгээхэн дотоод хэсэг гэж хардаг. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжуудын дагуу гүтгэлэг гэсэн заалтын хүрээнд хувь хүн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд их хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг; хэвлэл мэдээллийн эрх чөлөө шүүхийн үндэслэлгүй гомдол, маргаанд ялагдаж  байна.

Тайлангийн дэлгэрэнгүйг монгол хэлээр унших бол энд дарж үзнэ үү

Тайлангийн дэлгэрэнгүйг англи хэлээр унших бол энд дарж үзнэ үү

 

 

Санал асуулга