Шүүхийн авилга ба түүнээс урьдчилан сэргийлэх боломжууд

ШҮҮХИЙН АВЛИГА БА ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖУУД  

Монгол улс 1921 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш 70 гаруй жил Ази, Европын холимог хууль зүйн системийг ашиглаж ирсэн бөгөөд тухайн үед Зөвлөлт холбоот улсын хэрэгжүүлж байсан Римын хууль эрх зүйн тогтолцоог өөрийн орны онцлогт тохируулан нэвтрүүлсэн аж. 1933 онд шүүхийн бие даасан тогтолцоог халж шүүн таслах эрх мэдлийг орон нутгийн засаг захиргаанд олгож байснаа шүүх тогтолцоог сэргээхдээ aливаа маргаан шийдвэрлэх шаардлага бий болох, хуулийн зохицуулалт шаардагдсан үед ихэнх маргаантай асуудлуудыг МАХН, Ардын их хурал болон Сайд нарын зөвлөлөөс тогтоол, тушаал гарган шийдвэрлэж иржээ. Энэ утгаараа орчин үеийн нийгмийн харилцаанд үүсэх аливаа маргааныг шийдвэрлэх, шүүх эрх зүйн тогтолцоо жинхэнэ утгаараа бүрдээгүй байсан байна.

1990-ээд оны эхээр зах зээлийн систем руу эргэлт буцалтгүй шилжин, ардчиллын замыг сонгосон Монгол улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаж, 1993 онд Шүүхийн тухай хуулийг мөн баталсан билээ. Манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй донор, олон улсын байгууллагууд болох Дэлхийн банк, АНУ-ийн Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк, ХБНГУ-ын Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ), Монголын нээлттэй нийгэм форум (Соросын сан), Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагууд үйл ажиллагаа уялдуулан нэлээд хэдэн чухал төслүүд амжилттай хэрэгжүүлж Монгол улсын шүүхийн тогтолцоог сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдаж, улмаар шүүх тогтолцоо үндсэндээ улс төрийн хүчин, нам төрөөс хараат бус болсон юм. Шүүгч нарын ажиллах нөхцлийг сайжруулах, цалин хөлс нэмэгдүүлэх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх алхмууд хийгдэж, шүүгч нар сургалт, үргэлжилсэн сургалтанд хамрагдаж шүүхийн үйл ажиллагаа харьцангүй ил тод болж, үүний үр дүнд шүүхээр үйлчлүүлж буй ард иргэдийн мэдээлэл хүртэх боломж сайжирсан юм.

Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд шүүгчид хээл хахууль авч шийдвэрийг аль нэг талд ашигтайгаар гаргадаг, улмаар шүүх тогтолцоо авлигад авсан гэж олон нийт шүүмжилж байсан ч, 2002 оны 9-р сард Улсын ерөнхий прокурорын дэргэд хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус ажиллагаанд мөрдөн байцаалт явуулах эрх бүхий Мөрдөн байцаах алба байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхлэх хүртэл шүүх тогтолцоонд авлига байхгүй, шүүгч нар авлигаас ангид байна гэж албан ёсоор мэдэгдсээр иржээ. Мөрдөн байцаах алба байгуулагдсанаас хойш шүүгчийн çүй бус үйлдлийн талаар нийт 111 гомдол ирсний 22 нь авлигын гэмт хэрэгтэй холбогдох гомдол байсан бөгөөд МБА эдгээрт мөрдөн байцаалт явуулж эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. 2007 онд авлигын хэргийг мөрдөн байцаах эрх нь шинээр байгуулагдсан Авлигатай тэмцэх газарт шилжиж тус газар мөн оны 9 дүгээр сарын 7-ноос хойш шүүгч, шүүхийн ажиллагаатай холбоотой 16 гомдол ирснээс 4 хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж 2-ыг нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Одоогоор та бидний мэдэж байгаагаар 2 шүүгч ял шийтгэл авч хоригдоод байгаа билээ.

Транспэрэнси Интернэшнл-ийн 2007 онд нийтэлсэн “Дэлхий нийтийн авлигын тайлан – Шүүх эрх мэдлийн тогтолцоон дахь авлига” номонд шүүх тогтолцоон дахь авлигыг “шүүх тогтолцоотой харилцаанд орж буй аливаа этгээдээс шүүхийн үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөх явдлыг хэлнэ” гэж тодорхойлсон бөгөөд хамгийн түгээмэл хоёр хэлбэр нь нэгдүгээрт, хээл хахууль, хоёрдугаарт, хөндлөнгийн зохисгүй нөлөөлөл болно гэж үзсэн байна. Харин хөндлөнгийн зохисгүй нөлөөллийг (1) улс төрийн (төрийн албан тушаалтан, нам) болон (2) хувийн секторын (бизнесийн) гэж хоёр төрлөөр нь ялгаж өгчээ.

Хээл хахуулийн хамгийн түгээмэл хэлбэрт шүүгч нар ялын хэмжээг өөрчлөх, ял завшуулах, шүүгчид ба шүүхийн ажилтнууд хэрэг хянах ажлыг түргэвчлэх\удаашруулах, шүүхийн өмч хөрөнгийг шамшигдуулах, хамаатан садны хүмүүсийг ажилд оруулах зэрэг хэлбэрүүдийг иш татсан бол  хөндлөнгийн зохисгүй нөлөөлөл гэдэгт эрх мэдэл бүхий улс төрийн хүчин “дуулгавартай шүүгч”-ийг томилуулах сонирхлын үүднээс шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, огцруулах, түдгэлзүүлэх, шилжүүлэх (сэлгэн ажиллуулах), зэрэг дэвийг нь бууруулах зэрэг үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох замаар шүүгчийн шийдвэрт нөлөөлөх явдлыг жишээ болгон дурьджээ.

Дээр дурьдсан шүүгч нар хээл хахууль авах зэрэг хэргээр яллуулж шийтгүүлсэн нь манай шүүх тогтолцоонд авлигын гэмт хэрэг үйлдэгдэж байгааг харуулж байна. Иймээс Транспэрэнси Интернэшнл-Монгол иргэний нийгмийн байгууллага шүүхийн авлига, түүний хэлбэрүүд, авлигын үр дагавар, хор уршгийн талаархи шүүгч нарын мэдлэгийг дээшлүүлэх замаар тэднийг авлигын хэрэгт холбогдох явдлаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзэж  Их Британийн Элчин сайдын яам болон Ил тод байдлыг дэмжих сан (Partnership for Transparency Fund)-ийн санхүүжилттэйгээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхтэй хамтран шүүгч нарт зориулсан “Худалдан авах ажиллагаа болон шүүх эрх мэдлийн тогтолцоон дахь авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулсан юм.

Монгол улсын нийт шүүгч нарын 78%-ийг хамруулсан уг сургалтыг Транспэрэнси Интернэшнл-ийн “Дэлхий нийтийн авлигын тайлан – Шүүх тогтолцоон дахь авлига” номын нэгдүгээр бүлэг буюу Харьцуулсан судалгаа, шинжилгээ хэсгийг ашиглан явуулсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг Зууны мэдээ сонины 7-р сарын 17-ны дугаарт нийтлүүлсэн билээ.

Дээр дурьдсан Дэлхий нийтийн авлигын тайланг нийт шүүх засаглал дахь авлигын тухай 28 харьцуулсан судалгаа, 37 улс орны шүүх тогтолцоон дахь авлигын талаарх тайлан болон 62 оронд явуулсан “Шүүхийн авлигын барометр (хэмжүүр)” судалгааг ашиглан боловсруулсан бөгөөд эдгээрийг үндэслэн гаргасан дүгнэлтүүдийн гол гол хэсгээс уншигч нарт дор толилуулна.

Тухайлбал, олон улсын дэвшилтэт практик, туршлага болон бусад орны төр засгийн реформуудыг судлан үзэж шүүхийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах дөрвөн чухал асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрч, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд улс бүр өөрийн онцлогт тохирсон шинэтгэл хийх нь зүйтэй гэдгийг анхааруулжээ.  

1.  Шударга томилгоо: Хууль тогтоох ба гүйцэтгэх засаглал нь томилгоонд оролцох оролцоогоо хязгаарлах шаардлагатай, харин Шүүх тогтолцоо өөрийн хараат бус байдлаа хамгаалах, ингэхдээ шүүгч нар Шүүгч нарын холбоогоор дамжуулан дуу хоолойгоо нэгтгэх явдал

2.  Ажлын зохистой нөхцөл бүрдүүлэх: (цалин хөлс, эрх үүргийн хуваарилалт, сургалт, шилжүүлэг, зэрэг дэв нэмэх) Улс төрийн хүчний зүгээс шүүх тогтоолцоонд олгох санхүүжилтыг хангахуйц байлгах, үүний зэрэгцээ Шүүх тогтолцоо нь өөрөө шүүгч нарын албан тушаал ахих боломж, шүүгчийг шилжүүлэх тогтолцоог зохистой болгох; хэргийг тохиолдлын журмаар хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх г.м.

3.  Сахилга ба хариуцлага тооцох систем: Улс төрийн хүчин шүүгчдийн сахилга сахиулах ажлыг нь хүндэтгэж шүүгчдэд хязгаарлагдмал халдашгүй эрх олгох, Шүүх тогтолцоо ноцтой хэрэгт сэжиглэгдэж буй шүүгчийг зөвхөн шударга мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнг үндэслэн огцруулах; хэрэгжүүлж болохуйц үр нөлөөтэй Ёс зүйн дүрэм мөрдүүлэх г.м.

4.  Ил тод байдал: (хэвлэл мэдээлэл, ТББ, эрдэмтэд, олон нийтэд мэдээлэл хүртэх, шүүх ажиллагаанд мониторинг хийх боломж олгох) Хууль тогтоох засаглал хэвлэл мэдээллийн эрхийг хязгаарласан хуулийн заалтуудыг өөрчлөх: Шүүх тогтолцоо шүүхийн шийдвэр гаргах, шүүх процессийг нээлттэй байлгах; шүүгч нарын орлогын мэдүүлгийг хянах зэрэг арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгсөн байна гэдгийг онцлон дурьджээ.

Монгол улсад шударга, хариуцлагатай, хараат бус шүүхийг төлөвшүүлэх зорилго бүхий шинэтгэлүүд амжилттай хэрэгжиж шүүх тогтолцоонд эерэгээр нөлөөлсөн ч цаашид засч залруулах, анхаарлаа хандуулж улам боловсронгүй болгох шаардлагатай зүйл байгаа нь дамжиггүй юм. Иймээс ч ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж сургалт явуулсны үр дүнд олж мэдсэн чухал байж болзошгүй хэдэн санааг хүргэж байна. Үүнд:

1.  Шүүгч бүр өргөсөн тангарагтаа үнэнч байх буюу зөвхөн хуулийн өмнө хариуцлага хүлээх нөхцлийг бүрдүүлэх, өөрөөр хэлбэл шүүхийн захиргааны удирдлагын төрөл хэлбэр, түүнийг хэрэгжүүлэх этгээд\субъектыг нарийвчлан тодорхойлсноор шүүн таслах ажиллагаанд “захиргааны удирдлага” байх өөрөөр хэлбэл шүүн таслах ажиллагаа явуулж буй шүүгчийг хэн нэгэн этгээд аливаа хэлбэрээр захиргаадах  үндэслэлгүйг тодорхойлж хуульчлах;

2.  Шүүгч нарыг сурч боловсрох, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх боломжоор хангах, урамшуулах;

3.      Хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэж буй үед хуулийн заалт шаардлага хангахгүй байх тохиолдолд түүнийг боловсронгуй болгох шаардлага тавих зэрэг санаачилгуудыг дэмжих, боломж олгох;

4.      Шүүгчдийн мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих, бие даан ажиллах нөхцлийг хуулиар баталгаажуулах;

5.      Шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг сонгохдоо нам, бизнес бус буюу сонирхлыг зөрчил үүсгэж болзошгүй этгээдийг сонгохгүй байх, нам бус, аливаа бизнес эрхэлдэггүй, хараат бус шийдвэр гаргах олны танил, нэр хүндтэй ард иргэдийг сонгох;

6.      Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудад шүүгчийг сонгон шалгаруулах, сахилга, мэргэшлийн хороодоор хэлэлцүүлэх явцад хөндлөнгөөс мониторинг хийх, хяналт тавих боломжийг бүрдүүлж өгөх;

7.      Шүүгчийг томилох, эс томилох, огцруулах зэрэг шийдвэр гаргах үед албан ёсны дэлгэрэнгүй тайлбар өгч байх;

8.      Шүүгчийн Ёс зүйн дүрэмд шүүгч нарт маргааны аль нэг талтай дангаараа уулзахгүй байх хязгаарлалт нэмж оруулж өгөх;

9.      Шүүгч өөрөө мэдэлгүйгээр хээл хахуулийн хэрэгт холбогдох тохиолдол байдаг. Энэ үйлдлийг түүний нэрийн өмнөөс хэргийн аль нэг талын өмгөөлөгч эсвэл шүүгчийн туслах нар үйлддэг болохыг олон улсын судалгаанаас үзэж болно. Иймээс Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчдийн Ёс зүйн дүрмийг сахиулах ажлыг эрчимжүүлж, Өмгөөлөгчдийн холбоодын чадавхийг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Мөн түүнчлэн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах ажлыг улам боловсронгүй болгох, сонгох шалгууруудыг олон нийтэд нээлттэй болгох;

10.   Шүүгчийн шийдвэрийг гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих эрхийг шүүгчид олгох нь зүйтэй юм;

11.   Шүүгчийн хараат бус байдлыг сайжруулахын тулд мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүргийг Ерөнхий шүүгч, дээд шатны шүүх эдлэх бус мэргэжлийн зөвлөгөөг Дээд шүүхийн Шүүхийн судалгааны төвөөс өгч байх талаар арга хэмжээ авах;

12.   Эрүүгийн хэргийн хуваарилалтыг бусад хэргийн хуваарилалтын адил автоматжуулах;

13.   Ард иргэд Сахилгын хороонд шүүгч нар болон шүүхийн ажилтнуудын талаар авлигын гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй талаар өргөдөл гомдол гаргахдаа хуулбарыг Улсын Прокурорын ерөнхий газрын дэргэдэх Мөрдөн байцаах алба болон Авлигатай тэмцэх газарт тус тус өгөх хэрэгтэй юм. Учир нь авлигын хүнд гэмт хэрэг үйлдсэн шүүгч ажлаасаа огцрох төдий шийтгэл авах, улмаар ял завших боломж бүрдэж болзошгүй юм;

Эцэст нь шүүхйин салбар дахь авилга нь хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх, эрх зүйт төрийг тогтоох аливаа улс орны хүчин чармайлтыг үгүйсгэж, улмаар зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, улс орны хөгжин дэвжих үйлст саад учруулдгийг олон улс орны жишээн дээр илэрснийг хэн бүхэн мэдэх билээ. Монгол улсын шүүх тогтолцоон дахь авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд шүүгч авлигад өртөх нөхцөл боломжийг үгүй болгох шаардлагатай. Үүнийг  шүүхийн тогтолцооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож шүүгч нарын ёс зүй, ёс суртахуун, хариуцлагыг үлэмж дээшлүүлснээр хийх боломжтой санагдана. Нөгөөтэйгүүр авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй болгохын тулд авлигын хэрэг үйлдсэн этгээдүүдэд зохих шийтгэлийг нь ногдуулахаас гадна авлигад автсан этгээдүүдийг илрүүлж, хэрхэн шийтгэсэн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт олонд мэдээлж байх шаардлагатай.

ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ – МОНГОЛ

Зууны мэдээ сонин, 2008 оны 10 сарын 15

Санал асуулга