Ёс зүйн дүрэм
1.  Танилцуулга

Энэхүү Транспэрэнси Интернэшнл-Монгол (ТИМ)-ын нийт ажиллагсдад зориулагдсан Ёс зүйн Дүрмийг 2001 онд Прага хотод болсон ТИ-ийн Жил тутмын Уулзалтаар батлагдсан ТИ  байгууллагын Эрхэм зорилго, Үнэт зүйлс, мөрдөх зарчмуудыг тусгасан Тулгуур Баримт бичигт үндэслэн боловсруулав. 2004 онд Найробид болсон ТИ-ийн Жил тутмын Уулзалтаар дэвшүүлж 2004 оны 10-р сард болсон ТИ-ийн Олон улсын Удирдах Зөвлөлөөс баталсан ТИ-ийн Зөрчилдөөн ба Ашиг сонирхолын талаархи Бодлогын баримт бичигт уг дүрмийг нийцүүлсэн болно.

Тулгуур Баримт бичиг нь дэлхий нийтийн ёс зүйн тогтсон чиг хандлагыг тодорхойлдог бол ТИМ-ын энэхүү дүрэм зэрэг байгууллагын ёс зүйн дүрмүүдэд нь өөрийн үйл ажиллагааны нөхцөл болон чиглэлийн онцлог болон ялгаатай чанарыг тусгадаг.

ТИ Хөдөлгөөний нэг хэсэг болохын хувьд ТИ-М нь, өөрийн нийт ажиллагсадыг оролцуулан, энэхүү Ёс зүйн Дүрмийг өөрийн ажиллагсадын өдөр тутмын ажил, харилцаа, ба шийдвэр гаргах үйл ажиллагаанд дагаж мөрдүүлэхээр боловсруулсан болно.

ТИ-М-ын гишүүд нь ТИ-М-ын гол үнэт зүйлс болон удирдлагын зарчмуудын дагуу өөрийн үйл ажиллагааг явуулах, энэхүү стандарт ба зарчмуудыг баримтлахын тулд шударга ба хариуцлагатай байдлын өндөр хэм хэмжээг мөрдөж ажиллана.

ТИ-М-ын гишүүд нь өөрийн байгууллагын үйл ажиллагаа ба үзэл санааг бусдад хүргэхэд гүйцэтгэх онцгой үүргээ ухамсарлана.

Энэхүү Дүрэм нь хүчин төгөлдөр баримт бичиг юм. ТИ Хөдөлгөөнд оруулах түүний үнэ цэнэ нь шударга, зарчимч байх соёлын орчинг бий болгох боломжинд нь оршино. 

2. ТИ-М-ын Ёс зүйн дүрмийн үйлчлэх хүрээ

ТИ-М байгууллагын Практик Удирдамжийг ТИ-М-ын (удирдах болон гүйцэтгэх албан хаагч) ажилтнуудад зориулан боловсруулсан болно. ТИ-М-д ажиллаж буй сайн дурын ажилтнууд, гэрээт зөвлөхүүд нь энэхүү Дүрмийн утга санааг өөрсдийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө. 

3. ТИ-М-ын үндсэн зарчмууд

Бидний Эрхэм зорилго

Засаглал, улс төр, бизнес, иргэний нийгэм болон хүмүүсийн өдөр тутмын амьдралд авлигагүй ертөнцийг байгуулна.

Бидний Үнэт зүйлс

Ил тод, Хариуцлагатай, Үнэнч, Нэгдмэл, Эр зоригтой байдал, хуулийн Шударга ёс ба Ардчилал юм.

Бидний Зорилт

Захирлуудын Зөвлөлөөс тодорхойлсон ТИ байгууллагын Эрхэм зорилгын дагуу өөрийн Үндэсний Салбаруудын сүлжээ ба түүний удирдлагууд, мөн тэдэнтэй хамт болон тэднээр дамжуулан дэлхий дахинаа ажиллаж буй иргэд байгууллагуудад үйлчлэх.

Өөрийн өмгөөлөлийн ажиллагаагаар, авлига болон сайн засаглалын талаарх мэдээлэл ба мэдлэгийг хуримтлуулах ба түгээх замаар, мөн авлигатай тэмцэхэд нэмэр болох шинэ бүтээгдэхүүн ба хэрэгслүүдээр дэлхий нийтийн буюу бүс нутгийн хэмжээний асуудлуудыг үр дүнтэйгээр шийдвэрлэн авлигын эсрэг дэлхий нийтийн хөдөлгөөнийг дэмжихэд оршино.

Бидний мөрдөх зарчмууд

ТИ-М-ын ажилтнууд нь дор дурьдсан зарчуудмыг үйл ажиллагаандаа баримтална. Үүнд:

1)   Эвсэн ажиллах зорилгынхоо хүрээнд зөвхөн өөрийн удирдлагуудаас тогтоосон бодлого, чиглэлийн дагуу авлигын эсрэг тэмцэх үйл ажиллагаа явуулдаг бүх хувь хүмүүс ба тэдгээрийн нэгдлүүд, ашгийн болон ашгийн бус байгууллагууд ба нэгдлүүд, мөн төрийн байгууллагууд ба олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй;

2)   Хамтран ажиллаж буй бүх байгууллагуудтай болон ажилчид өөр хоорондоо харилцахдаа нээлттэй, шударга ба хариуцлагатай хандах үүрэгтэй. Өөрийн үүргээ үнэнч, шударга ба үр дүнтэйгээр гүйцэтгэж, Үндэсний Салбарууд ба өөрийн хамтран ажиллагсадын эрхийг хүндэтгэх үүрэгтэй;

3)   Өөрийн үүргийг гүйцэтгэхдээ улс төрийн намын харьяалалгүй, шашингүй байх үүрэгтэй;

4)   Өөрсдөө авлигын хэрэг, тохиолдол бүрийг илрүүлэхийг зорихгүй боловч, хээл хахууль ба авлигын үйлдэл нь баттай тогтоогдвол түүнийг зоригтойгоор эсэргүүцэн буруушаах болно;

5)   Бодит, объектив ба мэргэжлийн дүн шинжилгээнд ба судалгааны өндөр стандартад үндэслэсэн байр сууринаас хандана;

6)   Асуудлыг хараат бус, нягт ба бодитойгоор шийдвэрлэх боломжинд үл харшлах санхүүжилтийг л хүлээн авна;

7)   Оролцогч талуудад өөрсдийн үйл ажиллагааныхаа талаархи үнэн бодит тайланг цаг тухайд нь гаргаж өгөх үүрэгтэй;

8)   Хүний үндсэн эрх ба эрх чөлөөг хүндэтгэн дэмжих үүрэгтэй;

9)   Үйл ажиллагааныхаа олон талт шаардлагын дагуу багаа бүрдүүлэх бодлогодоо хүйс ба шашны тэнцвэртэй ба олон талын төлөөллийн оролцоог хангахыг эрмэлзэнэ.

4. Удирдамж

1.1.Салбар хоорондын харилцаа

1)   Үндэсний Салбаруудтай холбоотой бодлого ба үйл ажиллагааны боловсруулалт ба хэрэгжүүлэлтийн талаар тэдэнтэй идэвхитэй зөвлөлдөнө.

2)   Үндэсний Салбаруудаас ирүүлсэн бүх хүсэлтийн хариуг үнэн зөвөөр, цаг хугацаанд нь явуулна.

1.2.Ажилтан хоорондын харилцаа

1)   Ажилтнууд хоорондоо хүндэтгэлтэйгээр, харилцан ойлголцож хандана.

2)   Өөрсдийн үүрэг ба хариуцлагаа шударга бөгөөд үр бүтээлтэйгээр гүйцэтгэхийн тулд өөр хоорондоо нээлттэй, нийтэч ба бүгдэд нь тус нэмэр болохуйц байдлаар харилцаж зөвлөлдөж байна.

3)   Хамтран ажиллагсдын хувийн мэдээлэлтэй харьцаж ажиллахдаа хувь хүний халдашгүй байдал, хувийн амьдралд хүндэтгэлтэйгээр хандана.

4)   Аливаа ажилтны эрх ашигт нөлөөлөх асуудлаар ямар нэг шийдвэр гаргахын өмнө тухайн ажилтантай зохих зөвлөлгөөнийг хийх боломж олгох үүрэгтэй.

1.3.Ашиг сонирхлын зөрчил

Ажлын явцад ажилчдын хувийн ашиг сонирхол ба ТИ-М, Үндэсний Салбар буюу бусад оролцогч талуудын ашиг сонирхолын зөрчил гарч болно. Эдгээр зөрчлүүдийг илрүүлж, ТИ болон олон улсын хөдөлгөөний эрх ашгийн төлөө ил тод байдлаар шийдвэрлэнэ. Энэхүү зүйл нь 2004 онд батлагдсан ТИ-ийн Ашиг Сонирхлын Зөрчлийн талаар Баримтлах Бодлогын ерөнхий зарчмуудад үндэслэгдсэн бөгөөд энэхүү бодолготой холбоотойгоор ТИ-М-ын ажилчдын хариуцлагыг тодорхой заасан болно.

1.3.1.      Гэр бүл, Найз нөхөд / Ажилтан шалгаруулалтанд давуу байдал бий болгохгүй байх

Ажилтан ажилд авах, хөлслөх/түрээслэх, ба бараа, үйлчилгээ худалдан авахдаа үйл ажиллагааг явуулахдаа шударга, бодитой ба ашиг сонирхолын зөрчилгүй байдлаар хандахыг эрмэлзэнэ. Тухайлбал:

1)   Гэр бүлийн гишүүд ба найз нөхөд, мөн өөрсдийн ба өөрийн гэр бүлийн гишүүдийн эсвэл найз нөхдийн оролцоотой байгууллагад давуу эрх олгохгүй байх;

2)   Захирлуудын Зөвлөлийн Тэргүүний тусгайлсан зөвшөөрөлгүй бол өөрийн гэр бүлийн гишүүн, өөрөөр хэлбэл эхнэр/нөхөр, эцэг/эх, хүүхэд, ах/эгч/дүү эсвэл Хяналтын Зөвлөлийн гишүүдийн гэр бүлийн гишүүн, ойрын төрөл саданг хөлслөх буюу ажилд авах гэрээг байгуулахгүй. Дээрх этгээдүүд нь Удирдах зөвлөлийн даргатай холбоотой тохиолдолд тэдгээрийг ажилд авах буюу гэрээ байгуулахдаа Удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авах;

3)   Ажилтанг аливаа албан тушаалд томилохдоо горилогчийн давуу талд үндэслэх бөгөөд ажлын байрны зарыг байгууллагын дотор болон олон нийтэд зарлаж, хүлээн авсан бүх өргөдлийг судлан үзсэний дараа л шийдвэрээ гаргана.

1.3.2.      Бэлэг, үйлчилгээ хүлээн авах

Улс орон бүрт бэлэг өгөх, авахтай холбоотой янз бүрийн заншил байдаг. Бэлэг хүлээн авснаар аливаа үүрэг бий болгохоор байгаа бол албан үүрэгтэй холбоотойгоор бэлэг, үйлчилгээ[1] ба талархлыг өгөх ба авах явдлаас доорхи бодлогуудын шаардлагын дагуу татгалзана. Үүнд:

1)      Албан үйл ажиллагаагаа явуулах, чиг үүргээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад нөлөөлөхөөр байгаа буюу нөлөөлөх үндэслэлтэй гэж үзвэл аливаа хөнгөлөлт, бэлэг, соёл урлагийн үйлчилгээ, эсвэл дурсгалын зүйлс (бэлэгтэй төсөөтэй)-ээс шууд буюу шууд бус хэлбэрээр татгалзах болно;

2)      5,000-15,000 төгрөгийн үнэ бүхий бүх бэлгийг дараах зүйлд заасны дагуу бүртгүүлэх ба 15,000 болон түүнээс дээш төгрөгийн үнэтэй бүх бэлгийг хүлээн авахаас татгалзана.

3)      Бүртгүүлэх журам: Хүлээн авсан бүх бэлгийг ахлах албан тушаалтандаа тайлагнах ба түүнийг нь ТИ-М-ын бүх ажилтнуудад нээлттэй тусгай бүртгэлд бүртгэнэ.

1.3.3.      Аялал ба ТИ-М-ын эд хөрөнгө

1)      Ажилчид зөвхөн шаардлагатай тохиолдолд ТИ-М-ын ажилтай шууд холбоотой албан хэргээр томилолтоор зорчино. Зөвхөн санхүүгийн ба үнэн бодит томилолтын зардлыг эргүүлэн олгоно. Агаарын тээврээр үйлчлүүлэхдээ Удирдах зөвлөлөөс тогтоосон удирдамжийн дагуу Гүйцэтгэх Захирлын зөвшөөрснөөс бусад тохиолдолд онгоцны “экономик” ангилалын тийзийн төлбөрийг гүйцэтгэнэ.

2)      Ажилчид нь ТИ-М-ын эд хөрөнгийг зүй зохистой зарцуулна. Өөрийн хариуцсан өмч хөрөнгийг ТИ-М-ын зорилгын биелэлтийг сайжруулахаас бусад зорилгоор зарцуулахыг хориглоно.

3)      ТИ-М-ын албан томилолтоор зорчихдоо хувийн ажил, хэргийг хийх тохиолдолд энэ тухай өөрийн удирдах албан тушаалтанд ийнхүү зорчихоос өмнө мэдэгдэх ба үүнтэй холбогдон гарах аливаа нэмэлт зардлыг өөрөө хариуцна.

1.3.4.      Хувийн үйл ажиллагаа ба хувийн эд хөрөнгө

1)      Өөрийн албан үүргээ зүй ёсоор нь гүйцэтгэхэд нийцэхгүй эсвэл харшлах, мөн энэ нь ТИ-М-ын нэр хүндийг бүхэлд нь унагах шинжтэй, төлбөртэй буюу төлбөргүй, аливаа үйл ажиллагаа эсвэл хэлэлцээрт оролцох, эсвэл аливаа байр суурь ба үүрэг хүлээн авахгүй байна;

2)      ТИ-ийн үнэт зүйлд харшлах байр суурь, үйл ажиллагаа бүхий гэж ойлгогдох аливаа хувь хүн, олон нийтийн эсвэл хувийн хэвшлийн байгууллагыг ТИ-М нь дэмждэг гэсэн ойлголтыг бусдад төрүүлж ТИ-М-д итгэх итгэлийг бууруулж болох аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байдлаар өөрсдийн хувийн харилцааг зохицуулна;

3)      Ажилчид нь ТИ-М-ын албан ажлын дагуу бий болсон харилцааг өөрийн хувийн амьдралд тус нэмэр буюу зүй бус ашиг хонжоог хүсэх буюу олоход ашиглахгүй;

4)      Ажилчид нь өөрсдийн улс төрийн гишүүнчлэл ба/буюу үйл ажиллагааг ТИ хөдөлгөөний онцлог чанар болох улс төрийн төвийг сахисан байр сууринд зүй бусаар нөлөөлөх буюу хөндлөнгөөс оролцоход ашиглахгүй болно.

1.3.5.      Бусдаас хөлс, шагнал авах

ТИ-М-ын зохион байгуулалтын талаархи мэдээлэл өгч, эсвэл тухайн хувь хүн ТИ-М-д ажилладаг буюу түүнтэй хамтардагтай холбоотойгоор дүрс нь гарч олон нийтэд илтгэл тавьсан, хэвлэлд нийтлэл өгсөн эсвэл мэдээлэлийн хэрэгслээр дүрс нь гарсны төлөө ямар нэгэн шагнал урамшуулал авсан бол тэрхүү шагнал урамшуулал нь ТИ-М-д шууд орох болно.

1.3.6.      Ажлаас гарсны дараах хөдөлмөр эрхлэлт

Ажилчид нь өөрсдийн албан үүргийн хүрээнд явуулсан үйл ажиллагаа ба гаргасан шийдвэрийг ирээдүйд өөр байгууллагад ажилд ороход давуу тал болгож буруугаар ашиглахгүй байх үүргийг хүлээнэ.

1.3.7.      Нууцлал ба ил тод байдал

1)      Ажилчид нь ТИ-М-д албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан, утга агуулгын хувьд нууц буюу нууцлахыг шаардсан мэдээлэлийн нууцлалыг чандлан хадгалах ба тэдгээр аливаа мэдээлэл буюу материалыг цаашид хувийн ашиг сонирхолын үүднээс ашиглахгүй болно. Энэхүү үүрэг нь тухайн ажилтан ТИ-М-ын албан үүргээс чөлөөлөгдсөний дараа үргэлжилнэ.

2)      Дээр дурдсан нууцыг хадгалах шаардлагуудыг тооцож, гаргаж буй бүх шийдвэр болон үйл ажиллагааны талаар аль болох ил тод, нээлттэй байхыг зорино.

1.4.Санхүүгийн ил тод байдал

1)      Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр гарган нийтлэж байна. Санхүүгийн тайлан мэдээг зохих журмын дагуу гарган нийтлэж байна.

2)      Нэг сая төгрөгөөс дээш дүнтэй санхүүжилтийн эх үүсвэрийг жил тутам нийтлэх ба тусламжийн нөхцлийн дагуу хандивлагчдыг үнэн зөв мэдээллээр шуурхай хангана.  

1.5.Санхүүгийн хараат бус, бие даасан байдал

Байгууллагын зорилтоо биелүүлэх бие даасан байдалд нь нөлөөлж болзошгүй санхүүжилтээс татгалзах тухай Удирдах Зөвлөлийн бодлогын дагуу үйл ажиллагааг явуулна. Үүнд:

1)      Гагцхүү авлигатай тэмцэх бидний зорилгыг дэмждэг хандивлагчдаас өгсөн санүүжилтийг хүлээн авах;

2)      Төрийн байгууллага, хувийн хэвшил, сан ба буяны байгууллага, мөн гишүүдийн хандиваас орж ирсэн санхүүжилтийн хоорондын тэнцвэртэй хуваарилалтыг шийдвэрлэх;

3)      Дээр дурдсан ангилал тус бүрээс олон тооны хандивлагчдыг олох;

4)      ТИ-М-ын хараат бус үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл буюу бүтэцтэйгээр олгосон санхүүжилтээс татгалзах, тухайлбал:

- зорилтод харшлах үйл ажиллагааг явуулах, эсвэл

- зорилтод нийцсэн үйл ажиллагаа явуулахаас татгалзах.

II. ХЭРЭГЖИЛТ

  1. Дүрэмтэй танилцах

1)      ТИ-М-ын удирдлага нь ёс зүйн талаар дотоод хэлэлцүүлэг өрнүүлэх, ажилтнуудад зориулсан удирдамж гаргахыг идэвхитэй дэмжих ба дотоод журам, бодлого ба дүрэм журмыг энэхүү Дүрэмд нийцүүлэн боловсруулахад анхаарна.

2)       Дүрмийн хуулбар хувийг ажилтан бүрт өгөх ба өөрийн вебсайтад байрлуулна.

3)       Дүрмийг хөдөлмөрийн гэрээ болгонд хавсаргаж ажилтнаар гарын үсэг зуруулна.

4)       ТИ-М-ын соёлын цогц байдалтай энэхүү Дүрэм хэрхэн нийцэж байгаа, мөн түүний нөлөөллийн үнэлгээний талаар жил бүр тойм гаргана. Тоймыг Ёс зүйн Зөвлөгч ба Ёс зүйн Зөвлөл нар хамтран гаргана.

5)      Тогтсон хугацаанд зохион байгуулагдах, ТИ-М-ын бүх ажилтныг оролцуулсан хурлаар дүрмийн нөлөөлөлийн талаар тойм ба хэлэлцүүлэг явуулна.

  1. Асуудал дэвшүүлэх/ Мэдээлэгчийг хамгаалах

1)       Энэхүү Дүрмийг тайлбарлах, хэрэглэх эсвэл зөрчсөн байж болох талаар ажилтан болон бусад оролцогчид нь аливаа асуудлыг холбогдох ажилтанд шууд дэвшүүлэхэд тохиромжгүй байгаа тохиолдолд Ёс зүйн Зөвлөгчид (доорхи зүйлийг харна уу) тавих хэрэгтэй. Гомдол гаргагч эсвэл Зөвлөгч өөрсдийн дэвшүүлсэн асуудлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд асуудлыг ТИ-С-ын Ёс зүйн Зөвлөлд хандуулан тавьж болно. Хэрэв тухайн асуудлыг Ёс зүйн Зөвлөгчид анхлан тавих нь тохиромжгүй гэж үзвэл асуудлыг шууд ТИ-С-ын Ёс зүйн Зөвлөлд хандуулан тавьж болно.

2)        Өөрийн удирдах албан тушаалтан буюу Ёс зүйн Зөвлөгчид ТИ-М-ын Ёс зүйн Дүрмийн талаар асуудал дэвшүүлсэн, удирдамж хүссэн хэнийг ч, уг асуудлыг анхааралдаа авсан эсвэл үндэслэлтэйд тооцсон эсэхээс үл хамааран үүнийх нь төлөө ялгаварлан гадуурхах, хариуцлага тооцох ба сануулга өгөхийг хориглоно.

  1. Ёс зүйн Зөвлөгч

Ёс зүйн Зөвлөгчийг ажилчид болон бусад гишүүдэд гаргасан хүсэлтийнх нь дагуу ТИ-С-ын Ёс зүйн Дүрмийн талаархи мэдээлэл өгөх ба ёс зүйн асуултуудад хувийн зөвлөгөөг өгөх үүрэгтэйгээр Гүйцэтгэх Захирал Гүйцэтгэлийн Бус Ажилчдын (ГБА) Зөвлөлтэй[1] зөвлөлдсөний дараа санал болгож Захирлуудын Зөвлөлөөс томилно. Мөн Ёс зүйн Зөвлөгч нь энэхүү Дүрмийн дагуу доорхи үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:

1)      Ажилчдад зориулсан сургалт явуулах, урьдчилан таамаглах тохиолдлуудын талаар хэлэлцэх хурлыг тогтмол явуулах,

2)      Ажилтан буюу бусад оролцогчдод энэхүү Дүрэм зөрчигдсөн байж болох талаар үндэслэл байгаа тохиолдолд тэр талаархи гомдлыг хүлээн авч холбогдох хүмүүст зөвлөгөө өгч болно,

3)      Шийдвэрлэсэн аливаа үр дүнгийн талаар холбогдох бүх хүмүүст нь мэдээлэл өгөх,

4)      Эзэнгүй мэдээлэлийг өгсөн хүний нэрийг илчлэхгүйгээр үүссэн асуудал болон шийдвэрлэсэн үр дүнгийн талаар шаардлагатай үед Гүйцэтгэх Захиралд тайлан гаргах,

5)      Бэлэг өгсөн/авсан бүртгэлийн баримтыг хөтлөх,

6)      Энэхүү Дүрмийн нөлөөнд үнэлгээ хийх,

7)      Энэхүү Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн зөвлөгөөг цуглуулж түүнийг бүх гишүүдтэй хэлэлцэх, мөн

8)      Захирлуудын Зөвлөлд жил тутмын тайланг гаргах.

Ёс зүйн Зөвлөгч нь нэг жилийн хугацаагаар томилогдох ба Захирлуудын Зөвлөл, Гүйцэтгэх Захирал, ба ГБА-ын зөвшөөрснөөр дахин сонгогдох эрхтэй.

  1. ТИ-С-ын Ёс зүйн Зөвлөл

1)      Ёс зүйн Зөвлөгч эсвэл аливаа ажилтан эсвэл бусад оролцогчид нь аливаа асуудал эсвэл гомдлыг ТИ-С-ын Ёс зүйн Зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж болно. Ёс зүйн Зөвлөлийн хурлын үеэр Ёс зүйн Зөвлөгч нь эзэнгүй мэдээлэлийг өгсөн аливаа хүний нэрийг илчлэхгүй байна.

2)      Тэрхүү хүсэлтийг гаргасан даруйд Ёс зүйн Зөвлөл дуудагдаж үүссэн асуудал ба гарсан гомдлыг судлаж холбогдох хүмүүстэй нь тэдгээр асуудлуудын талаар хэлэлцэх ба ингэхдээ уг асуудлыг эзэнгүй мэдээг илгээсэн хүнийг оролцуулахгүй болно. Эдгээр хэлэлцээрт Ёс зүйн Зөвлөгч нь өмнө хаалттайгаар явагдсан аливаа хэлэлцүүлгийн холбогдох хүн нь нууцлалыг задруулахыг зөвшөөрөөгүй л бол нууцлалыг хадгалах болно. Ёс зүйн Зөвлөл нь ёс зүйтэй хамааралгүй, хувь хүний асуудлыг хөндсөн хэргийг авч хэлэлцэхгүй.

3)      Ёс зүйн Зөвлөл нь дүгнэлт гаргаж бичгээр үйлдсэн заавар зөвлөгөөг холбогдох бүх хүмүүст, мөн шаардлагатай үед ГБА Зөвлөлд, гүйцэтгэх ба гүйцэтгэх-бус ажилчдад, Гүйцэтгэх Захиралд, Захирлуудын Зөвлөлийн Даргад ба Захирлуудын Зөвлөлд гаргаж өгнө.

4)      Ёс зүйн Зөвлөл нь ТИ-С-ын ахлах удирдлагын гишүүн (Гүйцэтгэх Захирлын томилсон), ГБА-ын төлөөлөгч (ГБА-аас сонгосон), ба гурав дахь, ГБА-ын гишүүн эсвэл ТИ-С-д хамааралгүй хүн байж болох, гишүүн (бусад хоёр гишүүнээр хэрэг болгонд тухайлан сонгосон)-ээс бүрдэнэ. Шийдвэрийг олонхийн саналаар гаргана.

5)      Хэрэв Зөвлөлийн гишүүн нь өөрөө энэхүү Дүрмийг зөрчсөнд сэжиглэгдэж байгаа бол тэрээр шүүн хэлэлцэх ажиллагаанд оролцохгүй болно. Түүний оронд томилох хүнийг үлдсэн гишүүд хамтран сонгох ба ингэхдээ ГБА ба Гүйцэтгэгч ажилчдын тэнцвэртэй харьцааг хадгална.

6)      Үүнээс гадна Ёс зүйн Зөвлөл нь энэхүү Дүрэмтэй холбоотойгоор доорхи үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

-          Дүрмийн үр дүнтэй байдлыг хангах,

-          Ёс зүйн Зөвлөгчтэй харицаж зөвлөлдөх, ба

-          Ёс зүйн Зөвлөгчид сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх

7)      ТИ-М-ын Ёс зүйн Дүрэмтэй холбоотой асуудал ТИ-ийн нарийн бичгийн дарга нарын газар зохих ёсоор шийдвэрлэгдээгүй, эсвэл ТИ-М-ын Ёс зүйн Зөвлөлийн дүрэм журмын гадуур явагдсан гэж үзсэн аливаа ажилтан эсвэл бусад оролцогч нь Захирлуудын Зөвлөлийн Ёс зүйн Хороонд хандах эрхтэй. ТИ-С-ын Ёс зүйн Хорооны ажлын хүрээг ТИ-С-ын Ёс зүйн Хорооны эрх үүргийн заалтад тусгасан болно.

  1. Нэмэлт өөрчлөлт

Энэхүү Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг бүх гишүүдийн хурлаар  хэлэлцүүлж, ТИ-М-ын Захирлуудын Зөвлөлөөр батлуулна.

Касабланка, Мороккод 2002.10.14-нд болсон хурлаар

Захирлуудын Зөвлөл энэхүү Дүрмийг батлаж

түүний холбогдох засварыг

2003.10.06-нд #42/2003 тоот ЗЗ-ийн шийдвэрээр

2005.05.06-нд #15/2005 тоот ЗЗ-ийн шийдвэрээр оруулсан болно.

-oOo-

ТИ Байгууллагын Ёс зүйн Хороо

2002 оны 10 дугаар сард Касабланкад болсон өөрийн хурлаар ТИ байгууллагын Захирлуудын Зөвлөл нь Ёс зүйн Хороог (ЁХ) ТИ-ын Захирлуудын Зөвлөл, түүний гишүүд, дэлхийн ТИ хөдөлгөөний аливаа салбарын удирдлага эсвэл ТИ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт ёс зүйн талаархи асуултуудад зөвлөгөө өгөх үүрэгтэйгээр байгуулсан юм.

ЁХ-д ирүүлэх ёс зүйн асуултууд нь ТИ байгууллагын “Эрхэм Зорилго, Үнэт зүйлс ба Баримтлах бодлогын Тодорхойлолт”, Ёс зүйн Дүрэм, эсвэл ТИ-ын Захирлуудын Зөвлөл, дэлхийн ТИ хөдөлгөөний аливаа бусад салбараас гаргасан Ашиг сонирхолын Зөрчлийн бодлого, эсвэл “Үндэсний Салбарын Ёс зүйн Дүрмийн Боловсруулалт – Гарын авлагын Удирдамж” (2002.09) г.м. Ёс зүйн Дүрэмтэй холбоотой аливаа бусад албан баримттай хамааралтай байж болно. ЁХ-д ирүүлэх асуултууд нь эдгээр бүх баримт бичгүүдийн агуулга, мөн тайлбартай нь холбоотой байж болно. ЁХ нь дэлхийн ТИ хөдөлгөөний аливаа салбарын Ёс зүйн Дүрэм нь ТИ байгууллагын Захирлуудын Зөвлөлийн ЁХ-ны аливаа шийдвэрийн эсрэг давж заалдах боломж олгож байгаа үед зөвлөгөөг өгөх үүрэгтэй.

ЁХ нь мөн ТИ байгууллагын Ашиг сонирхолын Зөрчлийн бодлогыг тодорхойлон хянаж байх ба, өөрийн санаачлагаар ТИ байгууллагын Захирлуудын Зөвлөлд өөрчлөлт оруулахыг санал болгож болно. Үүнээс гадна, өөрийн санаачлагаар, хэдийд ч ТИ байгууллагын Захирлуудын Зөвлөлд ТИ-ын аливаа бодлогын баримт бичигийн талаар санал тавьж болно.

ЁХ нь түүнд хүсэлт гаргаж хувийг ТИ байгууллагын Захирлуудын Зөвлөлийн Даргад илгээсэн хүнд өөрийн зөвлөгөөг өгнө.

ТИ-С-ын Гүйцэтгэх Захирлын,  эсвэл аль нэг Үндэсний Салбарын ёс зүйн асуудал хариуцсан менежерын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа ТИ-ын, эсвэл түүний аль нэг Үндэсний Салбарын гишүүд, түүнчлэн ТИ-С-ын эсвэл аль нэг Үндэсний Салбарын ажилтан нь мөн ЁХ-нд хандан хэрэг үүсгэж болно. Энэ тохиолдолд зөвлөгөөг нь эргэлзээтэй шийдвэр гаргасан удирдлагад хүргүүлж хуулбарыг хүсэлт гаргасан хүнд болон ТИ байгууллагын Захирлуудын Зөвлөлийн Даргад илгээнэ.

ЁХ-нд илгээх аливаа хүсэлт нь a) хэлэлцэхийг хүссэн асуудлын тодорхойлолт, b) холбогдох баримт нотлогооны хураангуй ба аливаа холбогдох баримтуудын хуулбарууд, мөн c) нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай бол тэр талаархи үндэслэлийг тусгасан байх зэргээс бүрдэнэ.

ЁХ нь өөрийн нэг гишүүнд боломжит зөвлөгөөг боловсруулж бусад гишүүдэд түүнийгээ танилцуулах үүргийг өгнө. Үүний дараа гишүүд нь санал нийлсэн зөвлөмжийг боловсруулахын тулд утас, факс эсвэл и-мэйлээр зөвлөлдөнө. Энэхүү үйл ажиллагааг ЁХ-ны Дарга удирдаж зохицуулна. Зөвлөмжийг бичгээр гаргаж тараана.

Хэрэв боломжит ашиг сонирхолын зөрчлийн улмаас ЁХ-ны гишүүн нь өөрийгөө түдгэлзүүлсэн буюу ЁХ Дарга түдгэлзэхийг нь хүссэн бол тэрхүү хүсэлтийг бусад гишүүд авч хэлэлцэн шийдвэр гаргах болно.

ЁХ нь өөрийн үйл ажиллагааны талаархи тайланг гаргаж байна.

Захирлуудын Зөвлөлөөр 2003 оны 4-р сарын 2-нд батлав.

 

2005 оны 11-р сарын 14-нд Берлин, Германд болсон Захирлуудын Зөвлөлийн Хурлын шийдвэрээр Хорооны одоогийн бүрэлдэхүүн нь доорхи болно.

Акере Муна Дарга, Сион Ассидон ба Камал Хоссэйн.

ЁХ-нд туслах ТИ-С дахь ажилтан Андрэ Хернандез
ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ – МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН

ЁС ЗҮЙН ДҮРЭМТЭЙ ТАНИЛСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ

Ажилтан, сайн дурын ажилтны нэр: _______________________________

Албан тушаал: _______________________________________________

Хэлтэс/Нэгж: _________________________________________________________

Миний бие ТИ-М-ын Ёс зүйн Дүрмийг уншиж түүний агуулгыг бүрэн ойлгосон болно.  Би ТИ-М-ын Ёс зүйн Дүрмийн бүх заалтуудыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба ТИ-М-ын өмнөөс өөрийн бүхий л үйл ажиллагаа явуулахдаа Дүрмийн үзэл санааг үргэлжлүүлэн судлах болно гэдгийг батлаж байна.

Огноо: ________________________     Гарын үсэг: _________________________

Энэхүү мэдэгдэлд гарын үсэг зурж, Хүний Нөөцийн холбогдох ажилтанд эргүүлэн өгнө үү. Уг баримтыг ажилтан эсвэл сайн дурын ажилтны хувийн хэрэгт хавсаргах болно.

 ТИ-М БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭГЧИЙН

ЗОХИЦУУЛАЛТ

Сайн засаглал, хариуцлагатай байдал ба авлигын эсрэг тэмцэлийн төлөөх өөрийн үйл ажиллагаатай нийцүүлэн ТИ-М байгууллага нь мэдээлэгчийг дэмждэг бөгөөд түүнийг хамгаалах арга хэрэгслүүдтэй болно.

Ёс зүйн Дүрмийн заалтууд:

Үүний талаар ТИ-М-ын Ёс зүйн Дүрэм нь доорхи зохицуулалтуудыг гаргасан болно. Үүнд:

            II-2) Асуудал дэвшүүлэх/ Мэдээлэгчийг хамгаалах

1.      Энэхүү Дүрмийг тайлбарлах, хэрэглэх эсвэл зөрчсөн байж болох талаар ажилтан болон бусад оролцогчид нь аливаа асуудлыг холбогдох ажилтанд шууд дэвшүүлэхэд тохиромжгүй байгаа тохиолдолд Ёс зүйн Зөвлөгчид (доорхи зүйлийг харна уу) тавих хэрэгтэй. Гомдол гаргагч эсвэл Зөвлөгч өөрсдийн дэвшүүлсэн асуудлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд асуудлыг ТИ-С-ын Ёс зүйн Зөвлөлд хандуулан тавьж болно. Хэрэв тухайн асуудлыг Ёс зүйн Зөвлөгчид анхлан тавих нь тохиромжгүй гэж үзвэл асуудлыг шууд ТИ-С-ын Ёс зүйн Зөвлөлд хандуулан тавьж болно.

2.      Өөрийн удирдах албан тушаалтан буюу Ёс зүйн Зөвлөгчид ТИ-М-ын Ёс зүйн Дүрмийн талаар асуудал дэвшүүлсэн, удирдамж хүссэн хэнийг ч, уг асуудлыг анхааралдаа авсан эсвэл үндэслэлтэйд тооцсон эсэхээс үл хамааран үүнийх нь төлөө ялгаварлан гадуурхах, хариуцлага тооцох ба сануулга өгөхийг хориглоно.

Өргөдөл хүлээж авах ажилтан, түүний хаяг:

ТИ-М-ын Ёс зүйн Зөвлөгч

Одоогийн байдлаар ТИ-М-ын Ёс зүйн Зөвлөгч нь ........................................

ТИ-М-ын Ёс зүйн Зөвлөл

Ёс зүйн Зөвлөл нь ТИ-С-ын ахлах удирдлагын гишүүн, гүйцэтгэлийн бус ажилчдын (ГБА) төлөөлөгч, ба гурав дахь гишүүн (бусад хоёр гишүүнээр хэрэг болгонд тухайлан сонгосон)-ээс бүрдэнэ.

Удирдлагын төлөөлөгч нь ...............

ГБА-ын төлөөлөгч нь ...............

Удирдах Зөвлөлийн Ёс зүйн хороо

Удирдах Зөвлөлийн Ёс зүйн хороо нь бусад үүргүүдийн зэрэгцээ Гүйцэтгэх Захирлынхаа ёс зүйн талаар гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа ТИ-С-ын ажилчдаас хэрэг хүлээн авах үүрэгтэй. Хороо нь уг асуудлаар шийдвэр гаргаж Гүйцэтгэх Удирдлагад зөвлөмж хүргүүлнэ.

.................................................................


[1] ГБА Зөвлөл нь ГБА-аас томилсон ажилчдын төлөөлөлийн баг юм.

[2] Захирлуудын Зөвлөлөөр 2003.04.05-нд баталсан

 

Санал асуулга