Дүрэм журам
Транспэрэнси Интернэшнлийн дүрэм
 
2006 оны 11 сарын 14-нд Гуатемалад болсон Жил тутмын Гишүүдийн Хурлаар шинэчлэн найруулсан (Германы эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэх явцад өөрчлөлт орсон).

1. Нэр, Байршил, Ажлын жил 

  1. Байгууллагыг (Verein) “Траснпэрэнси Интернэшл” гэж нэрлэнэ. Энэ байгууллага нь Герман улс, Берлиний Шарлотенбургын байгууллагуудын бүртгэлийн газарт “Транспэрэнси Интернэшнл бүртгэлтэй нийгэмлэг” нэрээр, 13598Nz тоот дугаартай бүртгүүлсэн болно. 
  2. Байгууллага нь Берлинд бүртгэлтэй ажлын байртай болно.
  3. Байгууллагын ажлын жил нь хуанлийн жил байна.

2. Байгууллагын зорилго

Байгууллагын Зорилго нь авлига эдийн засгийн хөгжлийг удаашруулж, ядуурлыг цэцэглүүлэн, улс төрийн тогтвортой бус байдлыг дэмжиж, дэлхий дахинд аюулгүй байдал үүсэхэд хүргэж болзошгүй учраас, Засгийн газар, улс төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагууд болон ард иргэдийн өдөр тутмын амьдрал авлигаас ангид байх дэлхийг бий болгоход хувь нэмрээ оруулах үүднээс авлигатай тэмцэх ажиллагаа явуулах болон авлигаас үүдэн гарах эрүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.
Дэлхий нийтийн авлигын динамикыг ойлгосноор, Байгууллага нь олон улсын хэмжээнд, мөн Үндэсний Салбаруудаар дамжуулан үндэсний хэмжээнд аль алинд нь энэ аюултай үзэгдэлтэй тэмцэх үйл ажиллагаа явуулна. 
Байгууллага нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд:
  • Авлигын тохиолдол болон үр нөлөөний талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх;
  • Үүнийг шийдвэрлэх эвслүүдийг байгуулах; 
  • Үүнтэй тэмцэх арга хэрэгслийг боловсруулж, түгээх; 
  • Улс төр болон бизнест ил тод, хариуцлагатай байдлыг сурталчлах;
  • Авлигын хяналтад мониторинг хийх 
  • Авлигатай тэмцэх байгууллага, механизмуудыг дэмжих багтана. 

3. Байгууллагын ашгийн төлөө бус зорилго (Gemeinnützigkeit)

  1. Байгууллага нь Германы Татварын Хуулийн (Abgabenordnung) “Татвар ноогдуулахгүй ажиллагаанд хамрах зорилтууд” (steuerbegünstigte Zwecke) хэсэгт заасны дагуу гагцхүү ашгийн бус ажиллагаа явуулах зорилгыг дагаж ажиллана.
  2. Байгууллага нь нигүүлсэнгүй ажиллагаа явуулах ба анхдагч шалтгаан нь ашгийн бус ажиллагаанд чиглэсэн байна. 
  3. Байгууллагын санхүүжилт нь энэ Дүрмийн дагуух Байгууллагын тогтсон зорилгод зөвхөн зарцуулагдана. Байгууллагын гишүүд энэ зорилгоор Байгууллагын хөрөнгөнөөс хуваарилж авахгүй. Байгууллагын зорилгод нийцээгүй зарлага эсхүл хэт өндөр шан харамж авах зэргээр хэн ч байгууллагын хөрөнгөнөөс ашиг хонжоо хүртэхгүй болно. 
  4. Байгууллагыг татан буулгах шаардлага гарсан эсхүл татвараас чөлөөлөгдөх статус хүчингүй болсон тохиолдолд Байгууллагын хөрөнгийг Хоёрдугаар зүйлд заасны дагуу татвараас чөлөөлөгдсөн зорилгод зарцуулна. Хөрөнгө шилжүүлэх шийдвэрүүдийг Хуулийн Этгээдийн Татварын Алба (Finanzamt für Körperschaften)-аар батлуулсан байна. 
4. Байгууллагын гишүүд 
Байгууллагын гишүүд нь магадлан итгэмжлэгдсэн Үндэсний Салбарууд болон – Зөвлөл болон Гүйцэтгэх удирдлага – гэсэн бие даасан гишүүдээс бүрдэх – Гишүүдийн Хурал байна. 
 
5. Үндэсний болон Бүсийн салбарууд 
 
Байгууллага нь зохих хуулийн хүрээнд Үндэсний салбарууд байгуулахыг дэмжинэ. Эдгээр салбаруудын хэлбэр, зохион байгуулалт нь тухайн орон эсхүл бүс, мөн орон нутгийн эрх зүйн тогтолцооноос хамаарч ялгаатай байна. Бүсийн Салбаруудыг зохих нөхцлөөр байгуулж болно. 
 
6. Гишүүнчлэл
  1. Гишүүнчлэл нь Байгууллагын дүрэмтэй танилцан, байгууллагын зорилгыг ойлгож, идэвхитэй оролцох үүрэг хүлээсэн, газар зүй, соёл болон мэргэжлийн ялгаатай нөхцөл байдлаас шударга байдлаараа танигдсан байгууллага болон хувь хүнд нээлттэй юм. 
  2. Гишүүнчлэлд магадлан итгэмжлэгдсэн Үндэсний салбарууд болон Бие даасан Гишүүд багтана.
  3. Гишүүнчлэлийн эрхийг Захирлуудын зөвлөлийн шийдвэрээр олгоно. Үндэсний болон Бүсийн Салбаруудыг магадлан итгэмжлэх бодлого болон Бие даасан Гишүүдийг томилох бодлогыг Захирлуудын Зөвлөлийн саналаар, Гишүүдийн Хурлаар шийдвэрлэх ба цаашид хянан засварлаж болно. Эдгээр бодлогуудад Захирлуудын Зөвлөлийн түр чөлөөлөх, магадлан итгэмжлэлийг цуцлах, эргүүлэн татахтай холбоотой шийдвэрүүдийг давж заалдах механизмыг мөн тусгана. 
  4. Магадлан итгэмжлэгдсэн Үндэсний Салбар тус бүр зөвлөлийнхөө шийдвэрээр Гишүүдийн Хуралд төлөөлөгчөөр оролцох албан тушуултан эсхүл гишүүнийг томилно. Томилогдсон хүн Албан ёсны Салбарын Төлөөлөгч гэгдэнэ. 
7. Дэмжигчид ба Хүндэт гишүүд 
  1. Дэмжигчийн байр суурь засгийн газрууд болон засгийн газрын агентлагууд, байгууллага эсхүл бизнесийн аж ахуй нэгжүүд, байгууллагууд болон хувь хүмүүст нээлттэй байна. Дэмжигчид Байгууллагын зорилгод дэмжлэг үзүүлж байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа бол үйл ажиллагаанд материаллаг туслалцаа эсхүл/ болон Байгууллагын санхүүжилтэд дэмжлэг үзүүлнэ. Дэмжигчид Байгууллагын явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, Гишүүдийн Хуралд оролцох эрхтэй. Тэд санал өгөх эрхгүй бөгөөд Гишүүдийн Хурлын кворумд багтахгүй боловч Байгууллагын ажилд зөвлөх байр суурьнаас оролцож болно. Хувь хүмүүс эсхүл байгууллагууд Байгууллагын ажилд туслах тухай өөрсдийн байр суурийг Хурлын даргад бичгээр мэдэгдэж Дэмжигч болох хүсэлт гаргаж болно. Өргөдлийг Захирлуудын Зөвлөл шийдвэрлэнэ. 
  2. Авлигын эсрэг тэмцэлд бусдаас ялгарч гарсан хувь хүмүүсийг Захирлуудын Зөвлөлөөс Хүндэт Гишүүнд өргөмжилж болно. Хүндэт Гишүүд санал өгөх эрхгүй бөгөөд Гишүүдийн Хурлын кворумд багтахгүй. 
  3. Дэмжигч болон Хүндэт Гишүүний статусыг Захирлуудын Зөвлөл өөрсдийн үзэмжээр хэдийд ч хүчингүй болгож болно. 
8. Гишүүнчлэлийг хүчингүй болгох 

Дараахь тохиолдолд гишүүнчлэлийг хүчингүй болгоно. Үүнд: 
  • Бие даасан гишүүн нас барсан болон Үндэсний Салбаруудыг татан буулгасан эсхүл магадлан итгэмжлэлийг хүчингүй болгосон тохиолдолд
  • Сайн дураар гишүүнчлэлээс татгалзсан (Татгалзсан тухай мэдэгдлээ Хурлын даргад бичгээр мэдэгдэх эсхүл заасан гишүүнчлэлийн бүрэн эрхийн хугацаа дууссан тохиолдолд)
  • Хөөгдсөн; 
  • Байгууллагыг татан буулгасан тохиолдолд тус тус гишүүнчлэлийг хүчингүй болгоно.  
Бүх гишүүдийн эрх гишүүнчлэлийг хүчингүй болгосноор дуусгавар болно. Байгууллагад төлсөн гишүүнчлэлийн хураамж хэвээр үлдэнэ. 
 
9. Гишүүнчлэлийн хураамж 
  1. Байгууллагын гишүүд жил тутмын гишүүнчлэлийн хураамжийг төлөх ёстой. 
  2. Гишүүдийн Хурлаар Гишүүдийн төлөх ёстой хураамж болон төлөх хугацааг тогтооно. 
10. Гүйцэтгэх удирдлага 
  1. Дарга болон Дэд-Даргад Германы Иргэний Хуулийн (BGB) 26 дугаар хэсэгт заасан зорилгоор Байгууллагын Гүйцэтгэх Удирдлага багтана. 
  2. Гишүүдийн Хурал Даргад өөрийн үүргийг гүйцэтгэхэд нь шаардлагатай тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэж болно. Гишүүдийн Хурлаар Дарга болон Дэд-Даргыг Албан ёсны Салбарын Төлөөлөл болон Бие даасан Гишүүдийн дундаас гурван жилийн хугацаагаар сонгож болно. Тэд дээд тал нь хоёр жил өнгөрсний дараа дахин сонгогдох эрхтэй бөгөөд бүрэн эрхийнхээ гуравдахь жилд хэрэв өмнө нь энгийн Зөвлөлийн гишүүн байхдаа гурван жилийн хугацаанд тус албыг хашсан бол дахин сонгогдох эрхгүй. Дарга болон Дэд-Дарга нь дараагийн Гүйцэтгэх удирдлага сонгогдох хүртэл албан тушаалаа эрхэлж болно. Хэрэв Даргын албан тушаал ямар нэг шалтгаанаар эзэнгүй болвол Дэд-Дарга дараагийн Жил тутмын Гишүүдийн Хурал хүртэл Даргын үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв Дарга, Дэд-Даргын аль альных нь албан тушаал ямар нэг шалтгаанаар эзэнгүй болвол үлдсэн Зөвлөлийн гишүүд дундаасаа дараагийн Жил тутмын Гишүүдийн Хурал хүртэл Даргын үүрэг гүйцэтгэх нэг хүнийг томилно. 
  3. Гүйцэтгэх Удирдлагын гишүүн бүр шүүхийн болон шүүхийн бус аливаа асуудалд Байгууллагыг төлөөлнө. Гүйцэтгэх удирдлагын төлөөлөгчийн эрх мэдэл Захирлуудын Зөвлөлөөс батлах ёстой жил тутмын төсвөөс урьдчилж зөвшөөрөл авалгүй 250,000 евро (Хоёр зуун тавин мянган евро) эсхүл түүнээс дээш хэмжээний евротой тэнцэх зарлагаар хязгаарлагдана. 
11. Удирдах Захирлуудыг томилох 
 
Гүйцэтгэх удирдлага өөрийн үүргийг гүйцэтгэхийн тулд Захирлуудын Зөвлөлийн зөвшөөрлөөр нэг эсхүл түүнээс дээш тооны Удирдах Захирлуудыг Германы Иргэний Хуулийн 30 дугаар хэсэгт заасан зорилгоор Тусгай Төлөөлөгчөөр томилж болно. Удирдах Захирлууд 250,000 евро хүртэлх бүхий л асуудалд Байгууллагыг төлөөлнө. Тэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах болон хүчингүй болгох эрхтэй. 
 
12. Гүйцэтгэх удирдлагын уулзалтууд болон шийдвэрүүд  
 
Гүйцэтгэх Удирдлагын шийдвэрүүдийг Даргын зарласан хурлаар теле-хурал, факс, шуудан эсхүл э-шуудангаар гаргаж болно. Гүйцэтгэх Удирдлага өөрийн журмыг мөн хэрэгжүүлж болно. Гүйцэтгэх удирдлага санал нэгтэй шийдвэрт хүрч чадахгүй тохиолдолд асуудлыг Захирлуудын Зөвлөлд шийдвэрлүүлэхээр өгнө. 
 
13. Захирлуудын Зөвлөл
  1. Захирлуудын Зөвлөлд Гүйцэтгэх удирдлагын гишүүд болон Албан ёсны Салбарын Төлөөлөл болон Бие даасан гишүүд дундаас Гишүүдийн Хурлаас сонгосон 10-13 нэмэлт гишүүд багтана. Захирлуудын Зөвлөлийн гишүүдийг гурван жилийн хугацаагаар сонгоно. Тэтгэвэрт гарсан гишүүд бүрэн эрхийнхээ хоёрдахь жилд дахин сонгогдох эрхтэй боловч Захирлын албан тушаалд дахин гурван жилийн хугацаагаар сонгогдох эрхтэй байхаас дор хаяж нэг жилийн өмнө тэтгэвэрт гарах ёстой юм. 
  2. Дарга, эсхүл түүнийг эзгүйд Дэд-Дарга нь Захирлуудын зөвлөлийн оноосон дарга болон дэд-даргын албыг хашина.
  3. Захирлуудын Зөвлөл Дарга эсхүл Дэд-Даргын зарласан хурлууд дээр шийдвэр гаргана. Дор хаяж хоёр долоо хоногийн өмнө бичгээр зарыг хөтөлбөрийн хамт явуулсан байна. Хэрэв Захирлуудын зөвлөлийн бүх гишүүд хүлээн зөвшөөрвөл албан ёсны шаардлага болон зарлалын хугацааг мөрдөхгүй байж болно. 
  4. 13.3-р зүйлд хурал зарлах тухайд өөрөөр заагаагүй бол Захирлуудын Зөвлөл теле-хурал, факс, шуудан эсхүл э-шуудангаар албан ёсоор ажил хэрэг явуулах журмуудыг баталж болно. Хэрэв шийдвэрүүдийг дээрх аргуудын аль нэгээр гаргах бол, Захирлуудын Зөвлөлийн бүх гишүүдэд шийдвэрийг хэлэлцэхээр өргөн барихаас дор хаяж нэг долоо хоногийн өмнө энэ тухай бичгээр мэдэгдэнэ. 
  5. Кворум Гүйцэтгэх удирдлагын дор хаяж нэг гишүүнтэй Захирлуудын Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос бүрдэнэ. Шийдвэрийг олонхийн саналаар гаргах ба хэрэв олонхийн санал авч чадаагүй тохиолдолд Дарга эсхүл түүнийг эзгүйд орлох Дэд-дарга шийдвэрлэх санал өгнө. Захирлуудын Зөвлөлийн гишүүд хуралд оролцох боломжгүй бол, Даргад Захирлуудын зөвлөлийн өмнөөс санал өгөхөөр итгэмжилсэн өөр нэг гишүүнийг томилох тухайгаа бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд кворумд багтсанд тооцно. 
  6. Хурлын протоколыг гаргасан шийдвэрийн хамт хадгалж, протокол хөтлөгч болон хурлыг даргалсан хүн гарын үсэг зурна. 
  7. Захирлуудын Зөвлөлийн гишүүд Гишүүдийн Хурлын шийдвэрлэсэн тэдний бүрэн эрхийн хугацааныхаа үед чөлөөлөгдөж болно. 
  8. Зөвлөлд урьдаас төлөвлөгдөөгүй сул орон тоо гарсан тохиолдолд, дараагийн Гишүүдийн Хурлын сонгуулиар бүтэн гурван жилийн хугацаанд томилогдохоор суудлыг нөхнө.
14. Захирлуудын Зөвлөлийн үүрэг 
 
Захирлуудын Зөвлөл Байгууллагын стратеги болон бодлогыг тодорхойлох, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Мөн дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
  1. Жилийн төсвийг батлах
  2. Гишүүдийн Хурлаар шийдвэрлүүлэх аливаа асуудлыг Хуралд өргөн барих
  3. Гишүүдийн Хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх 
  4. Гишүүдийн Хурлаас баталсан санхүүгийн сүүлийн жилд Байгууллагын санхүүгийн тайлан болон Жилийн Тайлангийн санал боловсруулах, 
  5. 250,000 евро эсхүл жилийн төсвийн нэг багцаар урьдчилан батлуулаагүй түүнээс дээш хэмжээний еврогийн зарлагыг батлах
  6. Үндэсний Салбарыг магадлан итгэмжлэх, эрхийг нь түр хасах болон магадлан итгэмжлэлийг цуцлах
  7. Бие даасан гишүүдийг томилох, эрхийг нь түр хасах, чөлөөлөх болон хөөх
  8. Дэмжигч болон Хүндэт гишүүнийг томилох, эрхийг нь түр хасах болон чөлөөлөх
  9. Удирдах Захирал(ууд) томилсныг батлах
  10. Гишүүдийн Хуралд шийдвэрлүүлэхээр үлдээгээгүй чухал ач холбогдолтой аливаа асуудлыг шийдвэрлэх
  11. 13.1-р зүйлд заасан хүрээнд, Захирлуудын Зөвлөлийн хэмжээг тодорхойлж байх
  12. Хурлын протоколыг батлах, Зөвлөлийн Хурлаас гарсан гишүүнчлэлийн шийдвэрүүдийг тараах
  13. Зөвлөх Албаны гишүүд болон даргыг томилох, чөлөөлөх үүрэгтэй. 
15. Гишүүдийн Хурал 
  1. Гишүүн бүр Гишүүдийн Хуралд ганц саналын эрхтэй байна. Үндэсний Салбаруудын саналуудыг Албан ёсны Салбарын Төлөөлөгч өгнө. Гишүүн өөр нэг гишүүнд өөрийнхөө оронд санал өгөх итгэмжлэх олгож болно. Итгэмжлэгдсэн саналыг зөвхөн заасан Гишүүдийн Хуралд л өгнө. Ямар ч гишүүн хуралд ирээгүй Гишүүдийн өмнөөс хоёроос дээш санал өгөхгүй. Дэмжигчид болон Хүндэт гишүүдэд саналыг эрх байхгүй болно. 
  2. Гишүүдийн Хурал дараахь үүрэгтэй. Үүнд:
  • Захирлуудын Зөвлөлийн танилцуулсан Жилийн Тайлан болон Байгууллагын санхүүгийн тайланг авч хэлэлцэх, Гүйцэтгэх удирдлага болон Захирлуудын Зөвлөлийн ажиллагаанд албан ёсны зөвшөөрөл олгох;
  • Гишүүдийн төлөх аливаа хураамжийн хэмжээг тогтоох; 
  • Дарга, Дэд-дарга болон Захирлуудын Зөвлөлийн гишүүдийг сонгох болон чөлөөлөх; 
  • Үндэсний болон Бүсийн Салбаруудын магадлан итгэмжлэлийн бодлого, мөн Бие даасан гишүүнийг томилох бодлогыг  шийдвэрлэх болон хянан засварлах
  • e) Байгууллагын Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт болон тараах шийдвэрийг батлах үүрэгтэй.
16. Гишүүдийн Хурлыг зарлах  
  1. Гишүүдийн Хурал хуанлийн жилд дор хаяж нэг удаа хуралдана. Хурлыг Гүйцэтгэх удирдлага зарлах ба энэ тухай дор хаяж дөрвөн долоо хоногийн өмнө төлөвлөгдсөн хөтөлбөрийн хамт бичгээр мэдэгдэнэ. Дөрвөн долоо хоногийн хугацаа нь хурлын зар дээрх шуудангийн тамганы огнооноос хойш тоологдож эхэлнэ. Зар нь Гишүүний Байгууллагад өгсөн хаягруу илгээгдсэн бол Гишүүнийг зарыг хүлээн авсанд тооцно. Хөтөлбөрийг Гүйцэтгэх удирдлага Захирлуудын зөвлөлтэй зөвлөлдсөний үндсэн дээр гаргана.
  2. Гишүүд хөтөлбөрт хэлэлцэх асуудал оруулж, Гүйцэтгэх удирдлагаар хэлэлцүүлэх бол Гишүүдийн хурлын товоос дор хаяж хоёр долоо хоногийн өмнө энэ тухайгаа Даргад бичгээр мэдэгдэнэ. Гишүүдийн Хурлыг даргалах этгээд эдгээр нэмэлт асуудлыг хурал эхэлмэгц зарлаж танилцуулна. Гишүүдийн Хурал нь өөрөө хөтөлбөрт багтсан нэмэлт асуудлуудыг хүлээн авч хэлэлцэх эсэхээ шийднэ.  
17. Ээлжит бус Гишүүдийн Хурал 
 
Байгууллагын ашиг сонирхолд нийцсэн чухал ажиллагаа эсхүл Захирлуудын Зөвлөл тухайн ажиллагааг шийдвэрлэхээр болсон, эсхүл Гишүүдийн дөрөвний нэгээс багагүй хэсэг нь ээлжит бус хурал хийхээр Даргад бичгээр хүсэлт гаргаж, үндэслэлээ тайлбарласан бол Гүйцэтгэх Удирдлага ээлжит бус Гишүүдийн Хурлыг зарлана.
 
18. Гишүүдийн Хурлын шийдвэрүүд
  1. Гишүүдийн Хурлыг Дарга эсхүл түүний эзгүйд Дэд-Дарга, хэрэв Дэд-Дарга эзгүй бол Захирлуудын Зөвлөлийн гишүүн даргална.
  2. Гишүүдийн Хурлыг даргалах этгээд Хурлаар зөвлөлдсөний дараагаар санал хураах журмыг гаргана. Гэхдээ Гишүүдийн дор хаяж гурваны нэг нь өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан нууц санал хураалт явуулах хүсэлт гаргавал, хүсэлтийг хүлээн авч нууц санал хураалт явуулна. 
  3. Кворумд Байгууллагын бүх Гишүүдийн тал хувь нь багтана. Итгэмжлэгдсэн этгээдийг кворумд тооцно. Хэрэв кворум бүрдээгүй бол Гүйцэтгэх Удирдлага ижил хөтөлбөрөөр зургаан долоо хоногийн дотор дахин Гишүүдийн Хурал зарлана. Энэ хоёрдахь хуралд хэдэн Гишүүд оролцсоноос үл хамааран кворумыг бүрдсэнд тооцно. Энэ тухай хурлын зард тусгаж өгнө. 
  4. Гишүүдийн Хурлын шийдвэрүүдийг энгийн олонхийн биеэрээ эсхүл итгэмжлэлээр өгсөн бүх хүчинтэй саналаар шийдвэрлэх ба дараахь асуудлуудад энэ нь хамаарахгүй. Үүнд: (i) Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Дарга, Дэд-Дарга эсхүл Захирлуудын Зөвлөлийн гишүүнийг ажлаас чөлөөлөх тухайд дийлэнх олонхийн гуравны-хоёрын саналаар, (ii) Байгууллагыг татан буулгах тухайд дийлэнх олонхийн дөрөвний-гурвын саналаар шийдвэр гаргана. Түдгэлзсэн саналыг хүчинтэй саналд тооцохгүй. 
  5. Байгууллагын зорилгыг өөрчлөх тухай санал зөвхөн Байгууллагын бүх Гишүүдийн зөвшөөрснөөр шийдвэрлэгдэнэ. Гишүүд өөрийн биеэр эсхүл итгэмжлэлээр Гишүүдийн Хуралд санал өгөөгүй бол дараа нь Даргад бичгээр саналаа өгч болно. 
  6. Хурлын протоколыг Гишүүдийн Хурлын шийдвэрүүдийн хамт хадгалах ба протоколд протокол хөтлөгч болон хурал даргалсан этгээд гарын үсэг зурсан байна. 
19. Зөвлөх Зөвлөл 
  1. Байгууллагын ажлыг дэмжих зорилготой Зөвлөх Зөвлөлийг газар нутаг, соёл болон мэргэжлийн ялгаатай талбараас шударга байдлаараа танигдсан, Байгууллагын зорилго болон ажилтай холбоотой салбаруудад ажилласан туршлагатай хувь хүмүүсээс бүрдүүлэн томилно.
  2. Зөвлөх Зөвлөлийн Гишүүдийг Захирлуудын Зөвлөл нь Зөвлөх Зөвлөлийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлнө. Зөвлөх Зөвлөлийн Даргыг Захирлуудын Зөвлөл томилж, чөлөөлнө. 
  3. Зөвлөх Зөвлөл өөрсдийн дүрэм журмыг боловсруулна. Цаг ямагт хурал хийж, Байгууллагын ажилд зөвлөмжүүд боловсруулна. 
  4. Захирлуудын Зөвлөл Зөвлөх Зөвлөлийн Даргатай нягт холбоотой байж, Зөвлөх Зөвлөлийн бодлыг сонсохоор хүсэлт тавьж болно.
20. Жилийн дансны тайлан  
 
Байгууллагын данснуудад нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагын гишүүн аудит хийх ба жил бүр дансны тайлангаа хэвлэж байна. 
 
21. Байгууллагыг татан буулгах 
  1. Байгууллагыг татан буулгах шийдвэр гаргахад 18.4-р зүйлд заасны дагуу биеэр эсхүл итгэмжлэхээр өгсөн бүх хүчинтэй саналын гуравны хоёрын саналаар, Гишүүдийн хурлаас гаргасан шийдвэр байна. 
  2. Гишүүдийн Хуралд өөрөөр заагаагүй бол, Дарга болон Дэд-дарга татан буулгах ажиллагааг хариуцаж, Байгууллагыг төлөөлнө. 
  3. Дээрх заалтуудыг Байгууллагыг өөр бусад аливаа шалтгаанаар татан буулгах эсхүл эрх зүйн чадамжаа алдсан тохиолдолд мөн хэрэгжүүлнэ. 
22. Үндсэн хэл 
 
Энэ Дүрмийн Герман хэл дээрх хувилбарыг Дүрмийн агуулгыг тайлбарлах, тодорхойлоход мөрдлөг болгоно. 
 
23. Шүүх эрхийг хэрэгжүүлэх газар 
 
Amtsgericht Berlin нь Байгууллагатай холбоотой зарга үүсэхэд шийдвэрлэх цорын ганц эрх мэдэл бүхий байгууллага юм.  
 
24. Salvatory заалт 
 
Энэ дүрмийн аль нэг заалт Германы хуулиар хүчин төгөлдөр бус, хэрэгжүүлж болохооргүй эсхүл эсрэгээр заасан бол үлдсэн заалтуудын хүчин төгөлдөр байдлыг хөндөлгүй хэвээр үлдээнэ. 
 
 
Санал асуулга