top of page

Дүр эсгэсэн Ардчилал буюу иргэний нийгмийн байгууллагуудыг хүчгүйдүүлэх нь

11 minutes ago
5 min read

Ардчилсан нийгмийн үндсэн шинжийн нэг нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх юм. Монгол Улсад энэ эрхийг олон хууль тогтоомжоор баталгаажуулсан боловч бодит амьдрал дээр хэрэгжих явцад тодорхой саад бэрхшээл тулгарсаар байна.


Иргэний нийгмийн байгууллагууд ардчилсан нийгэмд “watchdog” буюу хоточ нохойн үүрэг гүйцэтгэдэг. Тэд шударга бус байдлыг баримтад үндэслэн илчилж, төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангахын төлөө ажилладаг.

Гэвч өнөөдөр иргэний нийгмийн байгууллагуудыг “худалдагдсан”, “бусдын гар хөл болсон”, “хэн нэгний ашиг сонирхлын төлөө ажилладаг” гэх мэтээр харлуулж, нэр хүнд, үнэ цэнийг Дүр эсгэсэн Ардчилал буюу иргэний нийгмийн байгууллагуудыг хүчгүйдүүлэх нь нь унагах оролдлого гарсаар байна. Ардчиллын үнэт зүйлсийг сулруулж, иргэний нийгмийн байгууллагуудын нэр хүнд, нийгэмд гүйцэтгэх үүргийг үгүйсгэхэд хүргэж буй ийм хандлага хаанаас, юунаас эхтэй вэ? Энэ асуултад хариулт өгөхийг зорьсон нэгэн судалгааны тайлан гарчээ.


Иргэний нийгмийн ээлтэй орчныг дэмжих Европын Холбооны тогтолцоо” (EU SEE) хөтөлбөрийн Монгол Улс дахь үндэсний сүлжээний гишүүн Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага иргэний нийгмийн байгууллагуудын улс оронд төвлөрсөн тайланг жил бүр боловсруулан гаргаж байна.

Тус тайланд иргэний нийгмийн байгууллагуудын санхүүжилтийн хүртээмж, үндсэн эрх чөлөөний хэрэгжилт, эрх зүйн зохицуулалт, төрийн нээлттэй байдал болон иргэний нийгмийн байгууллагуудад хандах олон нийтийн хандлага зэрэг зургаан үндсэн үзүүлэлтийг хамруулж, хараат бус экспертүүдийн үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн Монгол Улс дахь иргэний нийгмийн орчныг шинжилдэг.

 

1. Санхүүжилт: Сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа жигд бус, зөвхөн шаардлагатай үед л идэвхэждэг гэх шүүмжлэл гарах болсон. Энэ нь судалгаагаар хамгийн бага үнэлгээ авсан тогтвортой санхүүжилтийн асуудалтай шууд холбоотой.

Иргэний нийгмийн байгууллагуудыг төсөл, хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж ирсэн гол донор орнууд дэмжлэгийнхээ хүрээг хумих болсноор байнгын, тогтвортой үйл ажиллагаатай, мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагуудын тоо цөөрч, зарим байгууллага үндсэн үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Төслөөс төслийн хооронд мэргэшсэн ажилтнуудаа цалинжуулах боломжгүй болж, зарим байгууллага үүд хаалгаа барьсаар байна.


Тухайлбал, хүчирхийллийн эсрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бидний сайн мэдэх “Хөөрхөн зүрх” ТББ энэ оны долоодугаар сард үндсэн үйл ажиллагааныхаа нэг болох хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээгээ албан ёсоор зогсоож буйгаа мэдэгдсэн.

Нөгөө талаас, төрөөс төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төрийн бус байгууллагуудаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоог ч өсгөжээ. Гэвч төрөөс ямар байгууллагыг дэмжих, хамтран ажиллах нь зарим тохиолдолд үзэмжийн асуудал болж байна. Ийнхүү санхүүжилт тасалдах, тогтворгүй байх нь иргэний нийгмийн үйл ажиллагааны ээлтэй орчны үнэлгээнд жил бүр сөргөөр нөлөөлж байна.

Мэдээж хэрэг олон улсын нөхцөл байдалтай холбоотой гэж үзэх үндэслэл байвч дотоодын санхүүжилт, төрөөс төрийн бус байгууллагуудаар хийж гүйцэтгүүлэх ажлыг танил талаа харсан байдлаар, эсвэл төрийн эсрэг шүүмж хэлдэггүй тбб-аар сорчлон хийлгэдэг болсон талаар ИНБ-уудын төлөөлөл нотолж байлаа.

Хөдөө, орон нутагт иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад бүр ч их бэрхшээл тулгардаг нь судалгаанаас харагдаж байна. Наад зах нь санхүүгийн тайлан тооцоо гаргахаас эхлээд англи хэлтэй төслийн материал бүрдүүлэх мэргэжилтэн олоход хүртэл бэрх.

Энэ нь орон нутагт иргэд эвлэлдэн нэгдэж, байгаль орчин, ахуй амьдрал, эрх ашгаа хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна.

2025 онд 45 мянган иргэний нийгмийн байгууллагыг санхүүгийн тайлангаа ирүүлээгүй гэх үндэслэлээр бүртгэлээс хассан бол энэ онд таван мянга орчим байгууллагыг хасахаар төлөвлөж байна.


Олон улсын байгууллагууд ч энэ асуудалд онцгой анхаарч, иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан төсөл, хөтөлбөр санаачлахдаа алслагдсан бүс нутагт амьдардаг иргэдийн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатайг тайланд оролцсон экспертүүд онцолжээ.  

Олон улсын байгууллагууд ч энэ асуудалд онцгой анхаарч, иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан төсөл, хөтөлбөр санаачлахдаа алслагдсан бүс нутагт амьдардаг иргэдийн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатайг тайланд оролцсон экспертүүд онцолжээ.  


2. Төрийн нээлттэй, ил тод байдал: Иргэний нийгмийн байгууллагуудад ээлтэй бус байгаа бас нэг үзүүлэлт бол төрийн нээлттэй байдал. Монголчууд бидний ярьдаг гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдгийн үлгэр яг л төрийн ил тод байдлаас харагдана. Хуулиараа тендерийн мэдээлэл, төсвийн хөрөнгийн зарцуулалт гээд бүх мэдээлэл нь ил тод байх ёстой авч Иргэд ашиглаж, хянаж, дүгнэлт хийх боломжтой юу гэдэгт огтхон ч санаа тавилгүй өдийг хүрсэн байна. Тухайлбал Монгол улсын жил бүрийн төсвийн мэдээлэл маш хаагдмал. Дөнгөж сая 2027 оны төсвийн тухай хууль УИХ-аар батлагдсан ч иргэдийн төсөв нь олон нийтэд ил болоогүй. Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд төсвийн талаар хэлэлцэх, ярилцах боломжгүй байгаа нь хамгийн том жишээ. Түүнчлэн хуулиас гадуурх дүрэм журмаар ардчилалын үндсэн мөн чанарыг боомилж байгааг хүний эрх хамгаалагчдын таван хүн тутмын нэг нь эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдсон судалгаанаас харж болохоор байна. Хамгийн сүүлд “Туулаа аваръя” хөдөлгөөнийхөн хотын дарга асан Х.Нямбаатарын буруу шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахыг хүссэн боловч байгуулагдаад удаагүй, санхүүгийн тайлангаа хоёр жил ТЕГ-т тушаагаагүй гэх жигтэй шалтгаанаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Энэ бол эрхзүйн хувьд нээлттэй юм шиг хэр нь дүрэм журмаараа хаалт хашилт үзүүлдэгийн илрэл.


3. Олон нийтийн хандлага: Асуудал дэвшүүлж, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэний нийгмийн байгууллагуудыг “төлбөртэй”, “гадаадын гар хөл” гэх мэтээр цахим орчинд гутаан доромжлох хандлага газар авчээ. Асуудлын үндсэн шалтгаан, шийдэлд анхаарахаас илүүтэйгээр эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүүс, байгууллагуудыг онилох нь олонтаа.

Гэтэл үүний цаана иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй төрийн байгууллагууд дуугүй үлдэх хандлага ажиглагдаж байна. Ийм хандлага газар авснаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд хүртэл үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй болсноо дурджээ.

Хэзээ ч хавар морь уралдуулдаггүй байсан монгол түмний ёс заншлыг 2000-аад оноос морийг мөнгө болгосон хөрөнгөтнүүд эвдэж хаврын хахир цагт хүүхдээр морь унуулдаг болсон.  Ялангуяа хөрөнгө мөнгө ихтэй аймгийнхан энэ гажуудлыг өв соёл хэмээн цээжээ дэлдэж хүүхдийн эрх зөрчдөгийг Орхон аймгийн хүний эрхийг хамгаалагч  “Эрдэнэт хүмүүний эв нэгдэл” төрийн бус байгууллагынхан ярьж байлаа.

Энэ асуудлаарх тэмцлийн явцад хүүхэд яагаад бэртэж гэмтэн, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа зэрэг үндсэн асуудалд анхаарал хандуулахын оронд өөр сэдэв рүү хэлэлцүүлгийг чиглүүлэх хандлага ажиглагдаж байна. Хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчдийн гадаад төрх, үзэл бодол, хэлж ярьж буй зүйлд анхаарлыг нь хандуулж, доромжлох, гутаах замаар дуу хоолойг нь намжаахыг оролдож байгаа нь илт харагдана.


4. Цахим аюулгүй байдал: Хамгийн сүүлд хотын дарга асанг цахим орчинд тролл ажиллуулж байсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Төрийн эрх барьж байсан хүмүүс тролл арми ажиллуулж байсныг илчилсэн бараг анхны хэрэг байх. Илчлээгүй нь ч олон бий байх. Тэгэхээр цахим орчинд иргэний нийгмийн байгууллагуудын эрхэнд халдах, ташаа мэдээлэл түгээх, шүүмжлэгчид рүү дайрч доромжлох, хувийн мэдээлэлд нь хяналт тогтоох зэрэг оролдлогуудыг үгүйсгэх аргагүй юм. ХОТУЛА аппликейшнээр түлш тараахдаа хүртэл эрхэлсэн ажил, олдог орлогыг нь бүртгэх гэж оролдсон нь цахим орчин дахь төрийн хяналт коммунист улсаас ялгаагүй болсныг илтгэж байна.


Эцэст нь

Иргэний нийгмийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, үйл ажиллагаа явуулах ээлтэй орчныг бүрдүүлэх нэгдсэн бодлогын баримт бичгийг холбогдох талуудын оролцоотойгоор боловсруулах шаардлагатай байна.

Ардчиллыг манаж, иргэдийн оролцоог хангаж, төрийн үйлчилгээ хүрч чаддаггүй орон зайд ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын тогтвортой хөгжлийг дэмжих, үйл ажиллагааны ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарах нь чухал юм.

Энэ хүрээнд эрхзүйн шинэчлэл хийж төрийн бус байгууллага гэсэн малгайн дор төр өөрөө орлон тоглогч хийхгүй байх, мэргэжлийн холбоод нэрийн дор нэг нэгнийгээ хаацайлахгүй байх, шашны байгууллагыг хүртэл ялгах гээд олон шаардлагууд зүй ёсоор урган гарч байна.

Төрөөс төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулах, тендер шалгаруулахдаа төвийг сахих, сонгон шалгаруулалтыг ил тод явуулах, улс төрд нөлөө бүхий этгээдийн ашиг сонирхол байгаа эсэхийг нягтлах, байгууллагууд санхүүгийн тайлангаа нийтлэх боломжтой нэгдсэн платформ бий болгох зэрэг зөвлөмжийг Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагын судалгааны тайланд тусгажээ.

Иргэний нийгмийн орчны судалгаа ийнхүү жил дарааллан онцын ахиц дэвшилгүй, бүр уруудах маягтай гарч байгаа нь Монгол улсад ардчилал “дүр эсгэсэн” байдлаар хэрэгжиж байгаагийн илрэл. 




 
 
 

Comments


Авлигын төсөөллийн индекс

CPI_mongolia.jpg

Хаяг:   

Юнескогын гудамж, Сүхбаатар дүүрэг, Далай Тауэр

Шуудангийн хаяг: Ш/Х 14230, Улаанбаатар хот          

Утас: +976 70120012

И-мэйл хаяг: info@transparency.mn

bottom of page