Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хүртээмжтэй мэдээлэл, бодлогын оролцоо чухал байна

Улаанбаатар хот, 2026 оны 9 дүгээр сарын 25 - “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо ба хүртээмж” үндэсний судалгааны үр дүнг танилцуулж, судалгаанд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо, хүртээмжтэй холбоотой бодлогын асуудлыг хэлэлцсэн форумыг зохион байгууллаа.
Үндэсний судалгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон нутгийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо, төрийн үйлчилгээ болон мэдээллийн хүртээмж, оролцоонд тулгарч буй саад бэрхшээл, түүнчлэн тэдний санал, санаачилга шийдвэр гаргах түвшинд хэрхэн тусгагдаж байгааг тодорхойлох зорилгоор хэрэгжүүлсэн.
Судалгаанд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 1,072 хүн хамрагдсанаас 802 бүрэн бөглөгдсөн асуумжийг тоон шинжилгээнд хамруулсан. Мөн чанарын судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 21 хүн оролцсон байна.

Судалгааны мэдээлэл цуглуулах үйл явцад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран ажиллаж, харьяа байгууллагуудаараа дамжуулан орон нутаг болон нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг судалгаанд хамруулах, мэдээлэл цуглуулахад дэмжлэг үзүүлсэн.
Судалгааны дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явцад оролцоход хүртээмжтэй мэдээллийн хомсдол гол саад бэрхшээлүүдийн нэг байгааг харуулсан. Судалгаанд оролцогчдын 54.6 хувь нь “хүртээмжтэй мэдээлэл байхгүй”, 38.0 хувь нь “урилга, мэдээлэл хүлээн авдаггүй” гэж хариулсан байна.
Мөн төрийн байгууллагын биет орчны хүртээмжийг 53.5 хувь, цахим орчны хүртээмжийг 43.9 хувь нь “муу” эсвэл “огт хүртээмжгүй” гэж үнэлжээ. Судалгаанд оролцогчдын зөвхөн 19.1 хувь нь төсөв хэлэлцэх хурал, уулзалтад оролцож чаддаг гэж хариулсан бол 53.4 хувь нь өмнө гаргасан санал, санаачилга нь “огт хэрэгжээгүй” гэж хариулсан байна.
Судалгааны “Бодлогын санал, зөвлөмж”-д төрийн байгууллагын биет болон цахим орчны хүртээмжийг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцтай холбоотой мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, төсөв боловсруулах үйл явцад бодитой оролцуулах, гаргасан санал, санаачилгын шийдвэрлэлтийн талаар эргэх холбоо өгөх зэрэг чиглэлийг тусгасан.
Үндэсний судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллага, хүний эрхийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжтэй шийдвэр гаргалтын талаар санал солилцлоо.

Форумын үеэр судалгааны үр дүн, зөвлөмжөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжийн хууль, эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал, Пакистан улсын туршлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагын талаар илтгэл тавьж, “Тэгш оролцоо, хүртээмжтэй шийдвэр гаргалт” сэдвээр богино хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн форумын үеэр “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын үйл ажиллагааны уриалгыг танилцуулсан.
Судалгааны бүрэн тайланг монгол болон англи хэлээр www.transparency.mn цахим хуудаснаас унших боломжтой.ая

Энэхүү судалгааг Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ нь Шударга, ил тод, хариуцлагатай, нээлттэй сайн засаглалын төлөөх түншлэл (STRONGG) хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан (Canada Fund for Local Initiatives)-гийн хамтарсан санхүүжилтээр боловсруулав.
“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын тухай
“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ нь авлигын эсрэг дэлхийн хөдөлгөөн болох Транспэрэнси Интернэшнл байгууллагын Монгол Улс дахь үндэсний салбар байгууллага юм. 2003 онд байгуулагдсан бөгөөд авлигыг бууруулах, ил тод байдал, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр судалгаа, нөлөөлөл, олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.
Канад сангийн тухай:
Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан нь Канад Улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх, хүний эрх, суурь хэрэгцээг хамгаалан баталгаажуулахад чиглэсэн бичил төслүүдийг Канад Улсын Элчин сайдын яамаар (ЭСЯ) дамжуулан дэмжин, санхүүжүүлэх зорилготой. Канад сан нь Монгол Улсад 1997 оноос хойш хэрэгжиж байна. Энэ хугацаанд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн төслүүдэд нийт 9 сая орчим канад долларын санхүүжилт олгосон.
сгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн





Comments