top of page

Монгол улс авлигатай тэмцэх урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй


2022 оны аравдугаар сарын 12-нд Транспэрэнси Интернэшнл байгууллагын Берлин дэх нарийн бичгийн газрын төлөөлөлчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийлээ.


Уулзалтаар Берлин дэх төв байгууллагын гүйцэтгэх захирал ноён Даниел Эрикссон авлигын төсөөллийн индексийг бууруулахаар МУ-ын Засгийн газар Ажлын Хэсэг байгуулан ажиллаж байгааг сайшаахын зэрэгцээ авлигатай тэмцэх ажлыг өргөн хүрээнд урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов. Мөн Авлигын Төсөөллийн Индекс (CPI) нь 8-13 эх сурвалжаас бүрдсэн нийлбэр индекс болохыг энд дурдав. Монгол улсын хувьд 2021 онд 100 онооноос 35 оноо авч 180 орноос 110-р байрт жагссан бөгөөд манай улсын авлигын төсөөллийг индекс 2015 оноос хойш буурсан үзүүлэлттэй байгаа билээ.


Hарийн бичгийн газрын Аюулгүй байдал хариуцсан ахлах Андреа Рокка иргэний нийгмийн байгууллагуудын орон зайг бэхжүүлж тэдний оролцоог төрийн хяналт, авлигатай тэмцэх бодлого боловсруулах үйл ажиллагаанд идэвхтэй хангаж ажилллах нь зүйтэйг анхааруулав. Энэ хүрээнд Холбоо, Сангийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг дахин хэлэлцэх, хэлэлцүүлэгт иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын санал бодлыг анхааран авч үзэхийг уриаллаа. Транспэрэнси Интернэшнлийн Монгол дахь салбар байгууллагаас энэ чиглэлээр гаргасан зөвлөмжийг харгалзан үзнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.


Түүнчлэн 2021 онд батлагдсан Xүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх ажилд төрийн бус байгууллагуудыг оролцоо чухал болохыг дурдаад одоо хэлэлцэгдэж буй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан хэрэгжүүлэхийг Транспэрэнси Интернэшнл байгууллагынхан санал болгов.


Төлөөлөгчид авлигатай тэмцэх нь хүний эрхийг хамгаалж буй хэрэг бөгөөд Монгол улс Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тусгай хууль баталсан нь Ази тивдээ анхдагч болсныг онцлон тэмдэглэв. Xүний эрхийг хамгаалах ажлыг улам бэхжүүлж Монгол улс олон улсад үлгэр жишээ орон болох боломжтойг мөн дурдав.

Тус уулзалтаар албаны төлөөлөгчид Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай УИХ-аар хэлэлцүүлж батлах нь зүйтэйг онцгойлон дурдаж мөн Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэйг санал болгов. Засгийн газраас төрийн байгууллагын үр ашгийн нэмэгдүүлэх цахим хөгжлийг дэмжих эрчимтэй алхам авч байгааг сайшаагаад үүнд иргэдийн эрх тэгш боломжийг хангаж ажиллахыг уриалав.


Транспэрэнси Интернэшнл байгууллагын зүгээс Монгол дахь салбар байгууллагын төлөөлөгчдийг холбогдох хуулийн төслийн ажлын хэсэгт оролцуулж байгаад талархал илэрхийлэв. Мөн авлига хээл хахуулийн хяналтыг сайжруулах нөлөөллийн ажил авч хэрэгжүүлэх нь зүйтэйг онцлон тэмдэглэв.


Уулзалтаар Монгол улсын засгийн газар Транспэрэнси Интернэшнл байгууллагууд цаашид авлигатай тэмцэх чиглэлээр туршлага солилцож хамтран ажиллахаар санал нэгдлээ.


Гэрэл зургийг : https://montsame.mn/en/read/305905

263 views0 comments
bottom of page