2024 ОНД ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ АВЛИГАТАЙ ХЭРХЭН ТЭМЦСЭН БЭ?
- batbayar6
- Aug 5
- 6 min read
Updated: Aug 26
Өнгөрсөн онд бид авлигатай тэмцэх хөдөлгөөнийг амжилттай удирдан чиглүүлж, авлигагүй дэлхийн төлөө чухал ахиц дэвшил гаргалаа.

“Бид төр засаг, бизнес, олон улсын байгууллагуудыг олон нийтийн эрх ашгийг хамгаалсан, тэр дундаа хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологит нийцсэн хамгийн өндөр стандартуудыг мөрдөхийг уриалсаар байх болно.”
— Майра Мартини, Транспэрэнси Интернэшнлийн Гүйцэтгэх захирал
ИЛҮҮ ШУДАРГА, ТОГТВОРТОЙ ЕРТӨНЦИЙГ БИЙ БОЛГОХ НЬ: 2024 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2024 онд Транспэрэнси Интернэшнл:
· НҮБ-ыг хөгжил дэвшил болон хүний эрхийг илүү үр дүнтэй хамгаалах чиглэлд уриалав. Бид авлигатай тэмцэх арга хэмжээг НҮБ-ын “Хөгжлийг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийн бүрэлдэхүүнд оруулж, Хүний эрхийн зөвлөл төрийн нөөцийн ашиглалтад илүү хяналт тавих шаардлагатайг хүлээн зөвшөөрөхөд нөлөөлөв. Энэ нь эрүүл мэнд, боловсрол зэрэг зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээ бүх хүнд хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлэх юм.
· Компанийн эздийн мэдээлэлд иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг нээлттэй хандах боломжийг бий болгож, мөнгө угаахын эсрэг тусгай байгууллага байгуулах замаар ЕХ дахь мөнгө угаах цоорхойг хаав.
Дэлхийн түвшинд бид хил дамнасан авлигад оролцогч этгээдүүд — тухайлбал, хуульчид, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нарын үйл ажиллагааг зохицуулах бодлогын шинэ шийдлүүдийг дэвшүүлж, хууль бус санхүүгийн урсгалтай тэмцэх шинэ сонирхлыг өдөөж чадлаа.
· Санхүүгийн саад тотгорыг арилгасан учраас уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн ард иргэд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд гомдол гаргахад илүү хялбар боллоо. Бид НҮБ-ыг 30,000 ам.долларын төлбөр ногдуулах төлөвлөгөөнөөс нь амжилттай ятган татгалзуулж дэлхийн уур амьсгалын шударга бус байдалтай холбоотой асуудлуудыг хүн бүр нээлттэй хөндөх боломжийг бий болголоо.
· Ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан авлигатай тэмцэх иж бүрэн арга хэрэгслийг танилцуулсан.
Тус хэрэгсэл нь ёс зүйтэй бизнес эрхлэхийн эдийн засгийн үр өгөөжийг тайлбарлаж, шударга байдлыг чухалчилдаг компаниуд зах зээл дээр давуу байдалтай байдгийг тодотгож өгсөн бөгөөд ЖДБ-үүдийн хувьд өндөр стандартын бодлого хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээлийг даван туулахад туслах юм.
· НҮБ-ын гол хэлэлцүүлэгт авлигатай тэмцэх дуу хоолойг багтааж, иргэний оролцоог бэхжүүлэх амлалтуудыг баталгаажуулав. Энэ нь дэлхий даяар авлига болон бусад аюултай тэмцэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжих, халдлагаас хамгаалах чадавхыг нь нэмэгдүүлэх, шүгэл үлээгчдийг хамгаалах тогтолцоог сайжруулах, хязгаарлалт, дарамтыг эсэргүүцэх таатай орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
· Европын Холбооны улс төрийн санхүүжилт болон авлигатай тэмцэх арга хэмжээг уялдуулах, мөн авлигын хэргийг ял шийтгэлтэй холбох, хуулийн этгээдийн хариуцлагыг тогтоох, хохирогчдод дэмжлэг үзүүлэх хууль тогтоомжийг бэхжүүлэх саналуудыг боловсруулахад нөлөөлөв.Үүний үр дүнд төрийн шийдвэрт үзүүлэх зохисгүй нөлөөг бууруулах, компанийн бүх ажилтнуудын үйлдэлд компанийн хариуцлагыг хүлээлгэх, хохирогчдод нөхөн төлбөр олгох, авлигын хэргээр гарсан шийдвэрт гомдол гаргах эрх олгох боломжууд бүрдэх юм. Хэт удаан хугацаанд хохирогчдыг шүүхийн процессоос тусгаарлаж ирсэн байдалд цэг тавих алхам боллоо.

2024 ОНЫ ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
53 улсад манай хууль зүйн зөвлөгөөний төвүүд авлигын хохирогч болон гэрчүүдэд үнэ төлбөргүй, нууцлалтай зөвлөгөө өгсөн. Эдгээр төвүүд 10,000 гаруй хүнд туслалцаа үзүүлсэн.Гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах зорилгоор 111 авлигатай холбоотой хууль зүйн мэдүүлэг гаргасан.
Дэлхий даяар хэвлэл мэдээллийн хэрэгслээр 4,750,000 гаруй хүн Авлигын төсөөллийн индекс болон авлига, шударга бус байдлын талаарх мэдээ, мэдээлэл болоод түүхийг хүлээн авч үзсэн байна.
32,250 хүн ЕХ-ны улс төрчдийн шударга байдлын талаарх мэдээлэл авахын тулд манай Integrity Watch платформыг ашигласан байна.
156,700 хэвлэл мэдээллийн нийтлэлманай хөдөлгөөнийг онцолж, дэлхийн сая сая хүнд авлигатай тэмцэх шаардлагыг сануулсан байна.
2,200 гаруй төлөөлөгчид иргэний нийгэм, засгийн газар, бизнесийн салбар, олон улсын байгууллагуудаас оролцож, дэлхийн авлигатай тэмцэх хөтөлбөрийг хамтдаа тодорхойлох манай олон улсын чухал хурал, арга хэмжээнд оролцсон байна.
ДЭЛХИЙ ДАЯАР ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ: ИЛҮҮ САЙН ДЭЛХИЙН ТӨЛӨӨХ ҮНДЭСНИЙ АМЖИЛТУУД

Транспэрэнси Интернэшнл нь дэлхий даяар 100 гаруй салбартай бөгөөд эдгээр нь тухайн улс оронд байгуулагдсан, бие даасан байгууллагууд бөгөөд өөр өөрийн нутаг дэвсгэрт авлигатай идэвхтэй тэмцэн ажилладаг.
Америк тив
АНУ-ын Сангийн яамыг үл хөдлөх хөрөнгө болон хувийн хөрөнгө оруулалтын салбарт мөнгө угаахтай тэмцэх дүрэм журмыг хэрэгжүүлэхийг бид уриалж чадлаа.
Энэ хүрээнд хийгдсэн өөрчлөлт нь зөвхөн орон сууцны болон арилжааны бус үл хөдлөх хөрөнгөнд хамаарах ч, АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь авлигач этгээдүүдийн хувьд дэлхий даяар хамгийн их сонирхол татсан чиглэл байсныг харгалзан үзвэл, энэ нь зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийн хэмжээнд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал алхам болж чадсан юм.
Мөн бид Панамын Ерөнхийлөгч асан Рикардо Мартиеллиг авлигын хэргээр хариуцлага хүлээлгэх хүчин чармайлтад амжилт гаргав. Арав гаран жилийн хууль зүйн мэдүүлэг болон шударга ёсыг шаардсан уриалгын үр дүнд 2-р сард дээд шүүх түүнийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутай гэж шийдвэрлэн, дахин ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг нь хүчингүй болгосон.
Ази, Номхон далайн бүс нутаг
Бид Бангладешийн хуучин дэглэм дэх авлигыг илчилж, тэдний хулгайлсан гэх тэрбум тэрбумыг эргүүлэн авахад тусаллаа.
Манай Их Британи болон Бангладешийн салбарууд хамтран эрх баригчид болон тэдний ойрын хүрээний хүмүүс Их Британид ямар, ямар үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан талаар судалж, тайлан гаргасан. Энэ нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, эцэст нь оюутнуудын удирдсан урьд өмнө байгаагүй хөдөлгөөнөөр авлигач дэглэмийг түлхэн унагахад хүргэсэн. Үүний дараагаар тус салбарууд хулгайлагдсан хөрөнгийг царцааж, нутагт нь буцаах алхмыг тавьсан юм.
Өнгөрсөн сонгуулийн үеэр улс төрийн намын тайлагнасан болон бодит санхүүжилтийн зөрүүг онцолж хөндсөний дараа манай Индонезийн салбар шинэ парламентын хууль тогтоох хөтөлбөрт улс төрийн санхүүжилтийн тэргүүлэх ач холбогдол бүхий хуулийн төслийг багтааж чадсан. Уг хуулиар хууль бус эх үүсвэрээс санхүүжилт авах боломжийг хаах, хандив болон зардлын дээд хязгаарыг мөрдүүлэх, хяналтыг сайжруулах, мөн “хуурамч” хандивлагч ашиглах явдлыг зогсоох замаар улс төрийн санхүүжилтийг ил тод, шударга болгохыг зорьж байна.
Соломоны арлуудад бид залуу удирдагчдыг ардчиллыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэв. Манай салбар “Цэвэр сонгууль” нэртэй кампанит ажлыг эхлүүлж, “Ардчиллын төлөө залуучууд” сүлжээг 27 тойрог, 80 санал авах байранд сонгуулийн ажиглагчаар ажиллуулсан. Санал авах байр нээгдэхээс эхлээд санал өгөх, битүүмжлэх, тоолох хүртэл тэдний хяналт, сонор сэрэмж нь сонгуулийн бүхий л үйл явцыг ил тод, шударга байлгахад чухал хувь нэмэр оруулсан юм.
Европ ба Төв Ази
Бид ЕХ-ний хэмжээнд төрийн худалдан авалтын ил тод, шударга байдлыг сайжруулахын тулд “Шударга байдлын гэрээ”-г хэрэгжүүлж ажиллалаа. Төрийн худалдан авалтыг ил тод, хариуцлагатай болгох манай гол хэрэгсэл болох энэхүү гэрээг ЕХ-ны 15 улсын эрх бүхий байгууллагууд ЕХ-ны санхүүжилттэй төслүүддээ тусган хэрэгжүүлэхээр амласан.
Ингэснээр хэдэн сая еврогийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулалт, боломжит завшилтаас хамгаалахад хувь нэмэр оруулах юм.
Бид Босни ба Герцеговинад өргөн барьсан “гадаадын агентууд” нэртэй, дарангуйлах хууль тогтоомжийг зогсоож чадсан.
Энэ төрлийн хууль нь шүүмжлэгчдийн дуу хоолойг боомилж, эрх баригчид хариуцлагаас зайлсхийхэд ашиглагддаг. Тухайн улсын Бүгд Найрамдах Сербийн хэсэгт өргөн баригдсан уг хуулийн төсөл нь тодорхой иргэний нийгмийн байгууллагуудыг хориглох эрхийг эрх баригчдад олгох нөхцөл бүрдүүлж байлаа. Манай Босни ба Герцеговина дахь салбар уг хуулийн эсрэг байр суурийг амжилттай удирдан манлайлж, хуулийн төслийг 2024 оны тавдугаар сард эргүүлэн татуулахад хүргэсэн.Харамсалтай нь уг төслийг 2025 оны эхээр дахин өргөн барьсан бөгөөд бид энэ хуулийг тууштай эсэргүүцсээр байх болно.
Бид Оросын төрийн өмчийг шамшигдуулсан эрх мэдэлтнүүдийн гадаадад мөнгөө угаах, нуух үйлдлийг улам хүндрүүллээ.ОХУ-ын эсрэг авсан мөнгө угаахтай холбоотой шинэ хориг арга хэмжээг барууны орнууд илүү хатуу хэрэгжүүлэхийг бид тууштай шаардсаар ирсний үр дүнд, Транспэрэнси Интернэшнл Франц байгууллага Франц улсын прокурорт хуулийн гомдол гаргасан. Улмаар 2024 онд Францын эрх баригчид гурван үл хөдлөх хөрөнгийг хураасан бөгөөд тэдгээрийн нэг нь Владимир Путины хуучин эхнэрийн нөхөрт харьяалагддаг байв.
Ойрх Дорнод ба Умард Африк
Бид Европын Холбоог Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ)-ын мөнгө угаах үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулах, ЕХ-ны банкууд болон бусад хяналтын байгууллагуудаар нэмэлт шалгалт хийлгэхийг зөвшөөрүүлж чадсан.
Арабын Нэгдсэн Эмиратыг авлигын мөнгийг ямар ч шийтгэлгүйгээр угаах боломжтой газар хэмээн үздэг бөгөөд эрх баригчид энэ асуудлаар хангалттай арга хэмжээ авч чадахгүй байгаад бид анхаарал хандуулж ажиллаа. Үүнээс хойш Европын Холбооны Парламент АНЭУ-ыг мөнгө угаах өндөр эрсдэлтэй орнуудын хяналтын жагсаалтаас хасах тухай Европын Комиссын саналыг няцаасан юм.
Бид Ливаны хэд хэдэн байгууллагад эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг эмзэг бүлгийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг хууль эрх зүйн шинэчлэлд хүргэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаа.
Транспэрэнси Интернэшнл нь ил тод байдал, сайн засаглал, шинэчлэлийг дэмжих кампанит ажлыг орон нутгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхдээ санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлдэг.
Сахарын өмнөд Африкийн бүс
Бид Африкийн таван улсын эрүүл мэндийн салбар дахь авлигыг илрүүлж, энэ нь эмэгтэйчүүд, охид болон бусад эмзэг бүлэгт хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. Манай Зимбабвегийн салбар болон хамтрагч байгууллагуудын уриалга, судалгааны үр дүнд тус улсын Эмийн хяналтын агентлаг хууль бус эмийн наймааг зогсоохын тулд зөвшөөрөлгүй эмийг хураах арга хэмжээ авсан. Үүний зэрэгцээ Зимбабвегийн Дэд Ерөнхийлөгч эмнэлгийн хангамжийн худалдан авалтыг илүү ил тод болгохын тулд цахим худалдан авалтын системийг нэвтрүүлэхийг дэмжиж буйгаа ил тод зарласан.
Манай Мадагаскар дахь бүлгийн гишүүн тус улсын ерөнхий боловсрол болон их, дээд сургуулиудад бэлгийн авлигатай тэмцэх ажлыг анхлан санаачилсан. Лианцоа Ракотоаривело нь багш, эцэг эх, сурагчдын хооронд байгуулдаг шинэлэг ёс суртахууны гэрээг боловсруулсан нь бэлгийн авлигын тохиолдлыг бууруулах, хохирогчид болон гэрчүүдийг дуу хоолойгоо илэрхийлэхэд урам зориг өгөх зорилготой тус ажлыг боловсруулсан юм. Үүний үр дүнд олон нийтийн мэдлэг сайжирч, илүү олон оюутан сурагчид энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэх болж, холбогдох байгууллагууд ч илүү идэвхтэй арга хэмжээ авч эхэлсэн байна.
ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАНГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИХ:

Comments