АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН СУУРЬ ОЙЛГОЛТ: АТИ-ИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОН ГАРГАДАГ ВЭ?
- batbayar6
- Jul 25
- 4 min read

Авлигын төсөөллийн индекс (АТИ) нь төрийн салбар дахь авлигын түвшинг бизнес эрхлэгчид болон мэргэжилтнүүдийн үнэлгээнд үндэслэн тодорхойлдог, дэлхий даяар хамгийн өргөн ашиглагддаг үзүүлэлт юм.
Улс орнуудын оноог хэрхэн тооцдог вэ?
Улс бүрийн оноо нь 13 өөр судалгаа, үнэлгээний дор хаяж 3 эх сурвалжаас авсан мэдээллийн нийлбэр дээр үндэслэн тооцоологддог. Эдгээр эх сурвалжуудыг Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд боловсруулдаг.
АТИ-ийн оноо нь Транспэрэнси Интернэшнл болон түүний ажилтнуудын үзэл бодлыг илэрхийлдэггүй гэдгийг анхаарна уу.
АТИ нь төрийн салбар дахь авлигын дэлхий нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх хэмжүүр юм. Авлигын олон хэлбэрийг нэгтгэн, харьцуулж болохуйц нэг үзүүлэлт болгон тооцдог тул тухайн улсын нөхцөл байдлыг илүү бүрэн дүүрэн харуулдаг.
АТИ-ийн аргачлалыг бид тогтмол хянаж, илүү найдвартай, уялдаа холбоотой байлгахыг зорьдог. Хамгийн сүүлд 2017 онд Европын Комиссын Хамтарсан Судалгааны Төвөөс аргачлалыг үнэлж шинэчилсэн.
Оноо ба эрэмбэ хоёрын ялгаа
Оноо гэдэг нь тухайн орны төрийн салбар дахь авлигын төсөөллийн түвшинг 0-100 онооны шатлалаар илэрхийлдэг. “0” нь хамгийн их авлигатай, “100” нь хамгийн бага буюу авлигагүй улс орныг илэрхийлдэг.
Эрэмбэ гэдэг нь тухайн улс бусад орнуудтай харьцуулахад ямар байр суурь эзэлж байгааг харуулдаг. Гэхдээ эрэмбэ нь жагсаалтад багтсан улсын тооноос хамааран өөрчлөгдөж болдог тул авлигын түвшинг тодорхойлоход оноо илүү чухал юм.
Манай улсын оноо өссөн эсвэл буурсан бол энэ нь юу гэсэн утгатай вэ?
Улс орны АТИ-ийн онооны бага хэмжээний хэлбэлзэл буюу өөрчлөлт нь ихэнхдээ статистикийн хувьд чухалд тооцогддоггүй. Иймээс бид жил бүрийн онооны дүнгийн хүснэгтэд “статистикийн хувьд мэдэгдэхүйц” өөрчлөлт гарсан улс орнуудыг тусгайлан тэмдэглэдэг. Энэ нь АТИ-ийн үндсэн мэдээллийн эх сурвалжийн ихэнх хэсэгт тусгагдсан өөрчлөлт юм. Харин зөвхөн цөөн тооны эх сурвалжид өөрчлөлт бүртгэгдсэн тохиолдолд тухайн улсын төрийн салбар дахь авлигын түвшин нэмэгдсэн эсвэл буурсан эсэх нь хараахан тодорхой бус гэж үздэг.
Хэрвээ манай улс жагсаалтад байхгүй бол?
Аль нэг улс эсвэл нутаг дэвсгэрийг Авлигын төсөөллийн индексэд эрэмбэлэхийн тулд тухайн улс нь АТИ-ийн 13 мэдээллийн эх сурвалжийн дор хаяж 3-т нь хамрагдсан байх шаардлагатай. Жагсаалтад байхгүй байна гэдэг нь тухайн улс авлигагүй гэсэн үг биш, харин авлигын түвшинг нарийн үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй байна гэсэн үг юм.
Жил бүр ойролцоогоор 180 улс, нутаг дэвсгэр АТИ-д хамрагддаг.
Өөрийн орны авлигын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас олж мэдэж болох вэ?
Авлигын төсөөллийн индекс (АТИ) нь дэлхийн хэмжээнд ашиглахад маш үр дүнтэй үзүүлэлт боловч төрийн салбар дахь авлигын талаар зөвхөн олон улсын мэргэжилтэн болон бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн гаргадаг нь хязгаарлагдмал талтай.
Тиймээс бид дэлхийн 100 гаруй улсад байрладаг үндэсний салбаруудынхаа сүлжээгээр дамжуулан авлигатай холбоотой төрөл бүрийн нэмэлт судалгааг хийж, боловсруулан гаргадаг.
Жишээлбэл, хэрэв та бусад улс орны иргэд авлигад хэрхэн өртөж байгаа талаар уншихыг хүсвэл бидний бэлтгэн гаргадаг Дэлхийн авлигын барометр судалгаа хамгийн тохиромжтой эх сурвалж болно. Энэ нь авлигын талаарх дэлхий дахины цорын ганц олон нийтийн санал бодлын судалгаа юм.
Хэрэв та бусад улс орууд гаднын хахуулийн эсрэг хэрхэн тэмцэж байгааг мэдэхийг хүсвэл манай “Авлигыг экспортолж буй нь” хэмээх хоёр жил тутамд гардаг тайлантай танилцаарай.

Мөн бид Авлигатай тэмцэх Мэдлэгийн сан болон Тусламжийн үйлчилгээний төвөөр дамжуулан авлигын талаарх тодорхой, нарийн асуултуудад хариулт өгдөг болно.
АТИ нь аль төрлийн авлигыг хэмждэг вэ?
АТИ -ийг тооцоолоход ашигладаг мэдээллийн эх сурвалжууд төрийн байгууллагын авлигын дараах хэлбэрүүдийг тусгайлан багтаадаг. Үүнд:
Хээл хахууль
Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, шамшигдуулах
Албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын төлөө албан тушаалаа ашиглах, үүнд хариуцлага тооцох механизм сул байх
Төрийн байгууллагын авлигатай тэмцэх чадавх
Төрийн албаны хэт хүнд суртал нь авлигын боломжийг нэмэгдүүлж буй байдал
Төрийн албанд хамаатан саднаа шургуулсан томилгоо
Төрийн албан хаагчдын санхүү, ашиг сонирхлын зөрчлийг ил тод болгохыг баталгаажуулсан хуулиуд
Хээл хахууль болон авлигын тохиолдлыг мэдээлэгчдийг хамгаалах эрх зүйн орчин
Улсыг явцуу ашиг сонирхлоор булаан авах
Иргэд төрийн үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийн талаарх мэдээллийг авах боломж
АТИ-д хамрагддаггүй зүйлс:
Иргэдийн авлигын талаарх шууд ойлголт, туршлага
Татварын залилан
Хууль бус мөнгөн урсгал
Авлигад дэмжлэг үзүүлдэг этгээдүүд (жишээ нь: өмгөөлөгч, нягтлан бодогч, санхүүгийн зөвлөх гэх мэт)
Мөнгө угаах
Хувийн хэвшлийн авлига
Албан бус эдийн засаг ба зах зээл
Манай улсад сүүлийн үед олон авлигын хэрэг илэрсэн ч яагаад CPI оноо нь өссөн байна вэ?
Үүнд хэд хэдэн шалтгаан байж болно. Зарим авлигын хэрэг тухайн жилийн АТИ-ийн тооцооллын хугацаанд багтаагүй байж болно — мэдээллийн сангуудад тусгагдахад нэг жил эсвэл түүнээс ч урт хугацаа шаардагддаг.
Мөн зарим төрийн авлигатай тэмцэх эерэг өөрчлөлтүүд тухайн онд бүртгэгдсэн байж болох ба сөрөг хандлагуудыг тэнцвэржүүлсэн байх магадлалтай. Түүнчлэн мөнгө угаах, гадаадын хээл хахууль зэрэг зарим төрлийн авлигыг АТИ дээр хэмждэггүй гэдгийг санах хэрэгтэй.
Яагаад АТИ-ийн үзүүлэлтийг төсөөллөөр хэмждэг вэ?
Авлига нь хууль бус, санаатай нуусан үйлдэл учир шууд хэмжихэд маш их хүндрэлтэй. Ихэнх тохиолдолд зөвхөн илэрсэн хэрэг, шүүхийн шийдвэрээр л ил болдог. АТИ-д ашигладаг мэдээллийн эх сурвалжууд нь тусгайлан боловсруулсан, мэргэжилтнүүд болон бизнесийн салбарынхны хариулсан асуулга, судалгаан дээр үндэслэдэг.
АТИ -ийн сүүлийн оноог өмнөх онтой харьцуулж болох уу?
Тийм. 2012 онд АТИ-ийн аргачлал шинэчлэгдэж, 0-100 онооны шатлалыг нэвтрүүлсэн. Үүнээс хойш улс орнуудын оноог дэлхийн дундаж болон стандарт хазайлтаар тооцдог болсон тул 2012 оноос хойших оноог хооронд нь харьцуулж болно.
Гэхдээ 2012 оноос өмнөх АТИ-ийн оноонуудыг шинэ аргачлалтай харьцуулах боломжгүй юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг АТИ-ийн аргачлалаас татаж авна уу.
Би АТИ-ийн үр дүнг өөрийн нийтлэлд ашиглахыг хүсэж байна — зөвшөөрөл авах хэрэгтэй юу? Үгүй. Авлигын ойлголтын индекс нь Creative Commons Attribution-NoDerivs 4.0 лицензийн хүрээнд хамгаалагддаг бөгөөд энэ нь та манай бүтээлийн зохиогчийг дурдсан мөн линк холбоосыг оруулсан тохиолдолд чөлөөтэй ашиглах боломжтой гэсэн үг юм.
Comments