Иргэний нийгмийн орон зай яагаад чухал вэ?
- zoljargal8
- 1 day ago
- 3 min read

Ардчилсан нийгмийн хамгийн эрхэм шинж бол иргэн бүр өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэж, нийгмийн амьдралд оролцох боломжтой байх явдал юм. Энэ боломжийг бүрдүүлж байдаг орчныг иргэний нийгмийн орон зай гэж ойлгож болно.
Иргэний нийгэм нь зөвхөн төрийн бус байгууллагуудаар хязгаарлагдахгүй. Иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж, нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйл, зорилгын төлөө хамтран ажиллаж буй бүх хэлбэрийн оролцоог хамарсан өргөн хүрээний ойлголт юм. Үүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, иргэдийн бүлэг, сайн дурын хөдөлгөөн зэрэг олон талт оролцогчид багтдаг.
Монгол Улсын Үндсэн хууль иргэдэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, төрийн үйл хэрэгт оролцох эрхийг баталгаажуулсан байдаг. Иргэний нийгмийн байгууллагууд нь эдгээр эрхийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэдийн дуу хоолойг бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчдад хүргэх чухал гүүр болдог.
Монгол Улсад өнөөдөр иргэний нийгмийн салбарын томоохон хэсгийг бүрдүүлдэг 24 мянга гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг бөгөөд хүний эрх, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, ил тод байдал, авлигын эсрэг үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр ажиллаж байна. Эдгээр байгууллагууд нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөж, судалгаа хийх, мэдээлэл түгээх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын санал боловсруулах замаар олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хувь нэмэр оруулдаг.
Транспаренси Интернэшнл байгууллагын үзэж буйгаар авлигатай хийх үр дүнтэй, тогтвортой тэмцэл нь зөвхөн хууль тогтоомж, институцийн шинэчлэлээр хязгаарлагдахгүй. Авлига тогтолцооны шинжтэй болсон нөхцөлд иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, хамтын ажиллагаанд тулгуурласан арга барил зайлшгүй шаардлагатай болдог. Энэ үйл явцад иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж, иргэдийн зүгээс ил тод байдал, хариуцлагыг шаардах нөхцөлийг бүрдүүлж байдаг.
Иргэний нийгмийн байгууллагууд иргэд болон төрийн байгууллагын хооронд гүүр болж, иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тодорхойлон шийдвэр гаргагчдад хүргэхийн зэрэгцээ төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр илүү нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Транспаренси Интернэшнл Монгол байгууллага сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж, иргэдийн оролцоо, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон санаачилгыг хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран хэрэгжүүлсэн судалгаа юм.

Тус судалгаагаар харааны бэрхшээлтэй иргэдийн орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлын нөхцөл байдлыг 10 аймагт 200 гаруй иргэнийг хамруулан судалсан бөгөөд энэ чиглэлээр Монгол Улсад хийгдсэн анхны судалгаануудын нэг болсон. Судалгааны үр дүнгээс харахад оролцооны боломж, мэдээллийн хүртээмж хангалтгүй, биет орчин болон институцийн саад бэрхшээл түгээмэл, иргэдийн санал бодол шийдвэр гаргах түвшинд хангалттай тусгагддаггүй зэрэг асуудал байсаар байна. Эдгээр нөхцөл нь ил тод байдал, хариуцлагын тогтолцоонд сөргөөр нөлөөлж, улмаар авлигын эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж болохыг харуулсан.
Нөгөө талаас харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн болон нийтийн үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзэл өндөр байгаа нь бодлого, үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, оролцоонд суурилсан байдлаар хөгжүүлэх боломж байгааг мөн харуулж байна. Энэхүү ажлын үргэлжлэл болгон Транспаренси Интернэшнл Монгол байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран 1,400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамарсан үндэсний хэмжээний судалгааг хэрэгжүүлж байна. Судалгааны үр дүнг олон нийт, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад танилцуулж, бодлого, шийдвэр гаргалтад иргэдийн дуу хоолойг тусгахад хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
Иргэний нийгмийн орон зай нь зөвхөн төрийн бус байгууллагуудын тухай асуудал биш юм. Энэ бол иргэд өөрсдийн эрхээ хэрэгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийн тухай ойлголт юм. Иргэний нийгмийн байгууллагууд нь иргэдийн санаа бодол, хэрэгцээ шаардлагыг нэгтгэн төр, шийдвэр гаргагчдад хүргэхээс гадна нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, ил тод байдал, хариуцлагыг шаардах чухал үүргийг гүйцэтгэдэг.
Ардчилсан нийгэмд иргэний нийгмийн байгууллагууд хараат бусаар ажиллаж, нийтийн эрх ашгийн төлөө дуугарч, тулгамдсан асуудлыг хөндөж, шаардлагатай үед шийдвэр гаргагчдаас ил тод байдал, хариуцлагыг шаардах боломжтой байх нь чухал.
Иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо нэмэгдэх тусам төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлага сайжирч, авлигын эрсдэл буурч, илүү шударга, хүртээмжтэй нийгмийг цогцлоох нөхцөл бүрддэг.
Тиймээс иргэний нийгмийн орон зайг хамгаалж, бэхжүүлэх нь зөвхөн иргэний нийгмийн байгууллагуудын асуудал биш юм. Энэ нь иргэн бүрийн үгээ хэлэх эрх, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж, нийтийн эрх ашгийг хамгаалах баталгаатай шууд холбоотой. Иргэний нийгмийн байгууллагууд хараат бусаар ажиллаж, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг байх нь ардчилал, сайн засаглал, авлигатай тэмцэх үйл хэрэгт зайлшгүй шаардлагатай нөхцөл билээ.
Нийтлэлийг бичсэн: Б. Золжаргал





Comments