top of page

УЛС ТӨРИЙН НАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо Сонгуулийн ерөнхий хороо болон “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав.
2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо Сонгуулийн ерөнхий хороо болон “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав.

“Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, “Транспэрэнси Интернэшнл-Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал нар гарын үсэг зурж баталгаажуулав.


Хамтын ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал болон Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, улс төрийн намуудыг бодлогын институцийн хувьд бэхжүүлэхэд чиглэнэ. Энэ хүрээнд ил тод байдал, хариуцлагын түвшинг бодит өгөгдөл, олон улсын сайн туршлагад тулгуурлан үнэлж, сайжруулахад талууд хамтран ажиллах юм.


Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ:“Ил тод байдал бол Улс төрийн намын тухай хуулийн суурь зарчим. Намуудын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлын өнөөгийн түвшинг бодитоор тодорхойлж, цаашид юунд илүү анхаарах шаардлагатайг хамтран тодорхойлох нь чухал. Хөндлөнгийн, мэргэжлийн үнэлгээнд тулгуурласан хамтын ажиллагаа нь хуулийн хэрэгжилтийг хангах, авлигаас урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо.



“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал:“Транспэрэнси Интернэшнл байгууллага улс орнуудыг харьцуулан үнэлэх шалгуур үзүүлэлттэй. Харин бид Сонгуулийн ерөнхий хороотой хамтран Монгол Улсын хууль, тогтолцоонд нийцсэн, дотоодын нөхцөлд тохирсон аргачлал боловсруулж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд сайн туршлага болох боломжтой” гэлээ.

Санамж бичгийн хүрээнд:

  • Улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлыг үнэлэх жил бүрийн хөндлөнгийн үнэлгээ, мониторингийн аргачлал боловсруулах

  • Үнэлгээний үр дүнд тулгуурлан Сонгуулийн ерөнхий хороо болон улс төрийн намуудад мэргэжил, арга зүйн зөвлөмж өгөх

  • Намуудын институцийн хөгжил, чадавхыг дэмжих сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах

  • Олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах

  • Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хүрээнд баталсан улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаарх тогтоолын хэрэгжилтийг дэмжих

зэрэг ажлыг талууд харилцан чиг үүргээ хүндэтгэн, түншлэлийн зарчмаар хэрэгжүүлнэ.



 
 
 

Comments


Авлигын төсөөллийн индекс

CPI_mongolia.jpg

Хаяг:   

Юнескогын гудамж, Сүхбаатар дүүрэг, Далай Тауэр

Шуудангийн хаяг: Ш/Х 14230, Улаанбаатар хот          

Утас: +976 70120012

И-мэйл хаяг: info@transparency.mn

bottom of page