top of page

АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС 2023


Нийт улс орнуудын дийлэнх нь авлигын гэмт хэргийг зосгоож чадахгүй байна.

2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр. Берлин хот Транспэрэнси интернэшнл (www.transparency.org) өнөөдөр нийтлэн мэдээлж буй Авлигын төсөөллийн индекс /АТИ/ 2023 нь дэлхий дахинд нийтийн албанд авлигатай тэмцэхэд дэвшил гаргаж чадахгүй байгааг харуулж байна. Нийт улс орнуудийн гуравны хоёр нь 50-с доош оноо авч АТИ-ийн дэлхийн дундаж оноо сүүлийн 12 жил дараалан 43 хэвээр байна.


Дэлхий нийтэд улс орнуудын шударга ёсны тогтолцоо уналттай байгааг Хуулийн засаглалын индекс харуулж байна. Уг индексээр бага оноо авдаг улс орнууд АТИ-ээр мөн адил бага оноо авдаг нь шударга ёс болон авлига хоорондоо уялдаа холбоотойг харуулж байна. Авторитет тогтолцоот улс орнууд болон ардчилсан улсын удирдлагууд аль аль нь авлигын гэмт хэргээс ял завших байдлыг нэмэгдүүлж шударга ёсыг дордуулж байна. Зарим тохиолдолд гэмт этгээдүүдэд өгөх ялыг байхгүй болгосноор улам дордуулж байна. Эдгээр үйлдлийн үр дагавар нь Венесуэл Улс (13)-аас Тажикистан Улс (20) зэрэг бүх улс оронд харагдаж байна.



ДЭЛХИЙ ДАХИНЫ 2023 ОНЫ АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ


АТИ нь 180 улс орон, бүс нутгийн нийтийн салбар (төрийн) дахь авлигын төсөөллийг тэг (их авлигатай)-ээс зуу (маш цэвэр) хүртэлх оноогоор үнэлж эрэмбэлдэг болно.


  • Дани Улс (90) 6 дахь жилдээ индексийг тэргүүлж, Финлянд болон Шинэ Зеланд Улсууд 87, 85 оноогоор шил мушгиж байна. Эдгээр улсууд нь шударга ёс, шүүхийн тогтолцоо сайн ажилладаг тул Хуулийн засаглалын индексээр мөн өндөр оноо авдаг.

  • Сомали Улс (11), Венесуэл Улс (13), Сири Улс (13), Өмнөд Судан Улс (13), Йемен Улс (16) индексийн хамгийн бага оноог авлаа. Эдгээр улсууд удаан хугацааны зэвсэгт мөргөлдөөнд өртсөн.

  • 23 улс /тэр дундаа өндөр эрэмбэлэгддэг ардчилсан Исланд Улс (72), Нидерланд Улс (79), Швед Улс (82), Их Британи Улс (71), түүнчлэн Иран Улс (24), ОХУ (26), Венесуэл Улс (13)-аас Тажикистан Улс (20) зэрэг авторитет улсууд/ түүхэн доод оноогоо авлаа.

  • 2018 оноос хойш АТИ дээр 12 улс оноо мэдэгдэхүйц буурсан. Эдгээрт: Эль Сальвадор (31), Хондурас (23), Либери (25), Мьянмар (20), Никарагуа (17), Шри Ланка (34), Венесуэл 13) зэрэг бага ба дунд орлоготой улс орнууд, Аргентин (37), Австри (71), Польш (54), Турк (34), Их Британи (71) зэрэг дундаас дээгүүр болон өндөр орлоготой эдийн засгууд орж байна.

  • Мөн хугацаанд 8 улс орон АТИ оноо сайжирлаа. Үүнд: Ирланд (77), Өмнөд Солонгос (63), Армени (46), Вьетнам (42), Мальдив (40), Молдав (39), Ангол (33), Узбекистан (31) улсууд байна.

Улс орон тус бүрийн оноо болон цаг хугацааны явцад гарсан өөрчлөлт, бүс нутгийн анализыг АТИ 2023 (2023 CPI page.)-с харна уу.


АВЛИГА БА ШУДАРГА БУС БАЙДАЛ


Бие даасан, хараат бус, ил тод, сайн нөөцтэй шүүх болон хууль сахиулах байгууллагууд нь авлигатай тэмцэхэд нэн чухал. Гэхдээ улс төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, хахуульдах зэрэг авлигын бусад хэлбэрээр шударга ёсны тогтолцоонд нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх нь шударга ёсны тогтолцоог үр нөлөөтэй байлгах үндэс юм.


  • ОХУУкраин Улсад (36) хийж байгаа дайн тус улсын засаглал, дэд бүтцэд асар том сорилт бий болгосноор авлигын эрсдэл нэмэгдсэн. Шүүхийн өөрийгөө удирдах байгууллагын /judicial self-governing bodies/ бүтцийг өөрчлөх, шүүхийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх болон авлигатай тэмцэх, яллах байгууллагын чадавх бэхжүүлэх зэрэг тогтолцооны реформт /justice system reforms/ ажлууд хийснээр сүүлийн 11 жил АТИ-н оноо сайжирсан боловч эдгээр сайжруулалтын зэрэгцээ өндөр түвшний авлигын хэргүүд байсаар байна.

  • Гватемал Улс (33)-н оноо уналт дараалсан гурван авлигажсан засгийн газрын үр дүн юм. Улсын прокурорын газар болон шүүх нь элитүүдэд авлигын хэргээс ял завшуулж, авлигын эсрэг дуугарсан этгээдүүдийг онилсон. Энэ нь тус улсыг авлигатай тэмцэх ямар ч институцийн чадавхгүй болгоод байна.

  • Африкт авлига болон шүүхийн тогтолцоотой холбоотой асуудлууд өөр өөр байна. Нигери Улсад (25) хахуульдах, луйвардах /extortion/ болон шүүхэд хөндлөнгөөс улс төрийн нөлөө үзүүлэх, Бурунди Улсад (20) магистрат нарыг хорих, БНАКонго Улсад (22) мөрдөн байцаалт дутагдалтай хэргүүд шүүхэд шилжүүлэх зэрэг хэргүүд болж байна.

Транспэрэнси интернэшнл авлигын хэргүүдийг үр дүнтэй шийтгэх, эрх мэдлийн хуваарилалтыг баталгаажуулахын тулд шүүхийн бие даасан байдал, нөөц болон ил тод байдлыг хангахыг улс орнуудад уриалж байна. Мөн шаардлагатай тохиолдолд шүүхийн байгууллагуудыг авлигаас хамгаалах хууль, журам нэвтрүүлэх хэрэгтэй.


“Авлига нийгэм дэх шударга бус байдлыг дордуулж, хамгийн эмзэг бүлгүүдэд тэгш бус нөлөөлдөг. Ихэнх улс орнуудад авлигаас хохирогч нарт хэргээ шударгаар шийдүүлэхэд саад байсаар байна. Эдгээр саадыг эвдэж хүмүүст шударга шүүхийг хүртээмжтэй болгох цаг болсон. Шат бүрдээ хохирогч нарын дуу хоолойг сонсдог шударга бөгөөд хүртээмжтэй эрх зүйн тогтолцоог хүн бүр хүртэх эрхтэй. Үүнээс бусад зүйл бол шударга ёсыг доромжилсон явдал юм” гэж Транспэрэнси интернэшнлийн Гүйцэтгэх захирал Daniel P. Eriksson тэмдэглэв.

 

Mонгол Улсын авлигын индексийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж буй үндсэн хүчин зүйлс


Авлигын индексийн үзүүлэлтэд дараахь хүчин зүйлс сөргөөр нөлөөлсөн байна. Үүнд:


Ерөнхий байдал

 

  • Ардчиллын үндсэн зарчим болох иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн анхан шатны мэдээлэл хангалтгүй байгаа нь олон улсын үнэлгээнүүдэд сөргөөр нөлөөлсөөр байна. Тиймээс хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангаж, хяналт хариуцлагыг тэнцвэржүүлэхээс Авлигын индексийн үр дүнд эерэгээр нөлөөлөхийг анхаарах шаардлагатай.

  • Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох, хяналт тавих эрх зөрчигдсөн хэд хэдэн тохиолдол давтагдан гарсан байна. Түүнчлэн УИХ-аас хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг үл тоож, хууль тогтоожийн судалгаа, мэдээлэл, олон нийтийн хэлэлцүүлэг дутуу үед хууль тогтоомжийг хүлээж авсан, хэлэлцсээр байгаа нь сөргөөр нөлөөлсөөр байна.

  • Төрийн албан хаагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлох, хариуцлагажуулах, мэргэшүүлэх, чадавхижуулах ажлыг хүний эрхэд суурилан, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаж ажиллахад чиглүүлэх шаардлагатай байна.

  • Төрийн байгууллагуудын зөвлөх үйлчилгээнд үр дүнд суурилсан үнэлгээ хийж, чадахийг тогтоох нь төсвийн үрэлгэн зарцуулалтыг бууруулж, зардал ба үр өгөөжийн тэнцвэрийг хангахад чухал шаардлагатай болсон байна.


АВЛИГЫН ХЯНАЛТ:

 

  • Авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэрэг шүүх дээр шийдэгдэхгүй удааширдаг энэ нөхцөлд шүүх, мөрдөн байцаагч, прокурор, судлаачид, өмгөөлөгчид ба сэтгүүлчид дагнаж мэргэших шаардлага тулгамдсан байна. Түүнчлэн олон улсын сайн туршлагын дагуу авлига болон ашиг сонирхлын зөрчлийн хэргийн улмаас үүсэн бий болох дагавар гэмт хэргүүдийг хянан шалгах, шийдвэрлэх эрх зүйн орчин дутмаг, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй нь ирээдүйд энэ төрлийн гэмт хэргийг хяналтаасаа бүрэн алдах эрсдэлтэйг харуулж байна.

  • Төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогоос гадна зарлагыг мэдүүлж, хянах  тогтолцоог нэн даруй бий болгох шаардлагатай байна.

  • Төрийн өндөр албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдуулан шалгахад тулгардаг халдашгүй дархан байдлыг оновчтой тодорхойлоогүйгээс үүдэн халдашгүй дархан байдлаар халхавчилж шударга ёсны шүүхээс гадуур үлдэх оролдлого үргэлжлэсээр байгаа нь нийгэмд үүссэн бухимдлыг даймжруулж байна. Халдашгүй байдал нь зөвхөн иргэдийг төлөөлөх үүрэгтэй холбоотой атал гэмт хэрэгт холбогдуулан шалгах үед урдаа барьж тайлбарласаар асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүргэснийг залруулах шаардлагатай.

 

ТОП ЭРСДЭЛ:

 

  • Авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хамгаалах хууль одоо болтол батлагдаагүй байна.

  • Түүнчлэн шүүхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилготойгоор шүүн таслах ажиллагааг зохион байгуулж байгаа нь ардчиллын үнэт зүйлс, иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдаж эрсдэл дагуулсаар байна.

  • Олон улсын зээл, тусламж, хандив зэргийг хүлээн авахдаа зарцуулалт, гэрээлэгчдийн цаад эцсийн өмчлөгчид, гэрээний ил тод байдлыг хангана хэмээн Монгол Улс амалсан ч хариуцлага алдсан ба төсвийн зарцуулалт хэдий хэмжээний үр өгөөж, хүртээмж бий болгож буйг хэмжих боломжгүй үе дахин давтагдахгүй гэдэгт итгэж, найдаж байна. 

  • Авлигын гол эх үүсвэр нь төрийн алба болон ТӨК-ийн шударга бус томилгооноос үүдсэн байна. Уг томилгооноос их хэмжээний, зах зээлийн бус үнэлгээтэй, сонирхлын зөрчилтэй, монополь хэлцлүүд хийгдэж улмаар улс төрийн намын санхүүжилтэд шингэж байх өндөр магадлалтай нь урт хугацааны туршид индекст сөргөөр нөлөөлсөөр байгааг дахин онцлох шаардлагатай.

  • Монгол Улсын авлигын гол эх үүсвэр болсон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын компанийн засаглал хангалтгүй, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгоогүй нь авлигын индексэд сөргөөр нөлөөлж байна.

 

БУСАД:

 

  • Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийн үндэс суурь болсон уул уурхайн салбарын засаглалд хамгаас чухал нөлөөтэй эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хууль батлагдаагүй байгаа нь авлигын индекс сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн эрдэс баялгийн салбараас олсон орлогын зарцуулалт, Баялгийн сангийн эрх зүй тодорхойгүй хэвээр байгаа нь эрсдэл учруулахаар байгааг анхаарууллаа.  

  • Бизнесийн салбарынхны асуулгаар төрийн дарамт, шалгалт буурахгүй, гомдлыг зохистой шийдвэрлэхгүй, бизнесийн орчинг сайжруулах боломж, санхүүжилтын олдоц хомс, байгаа нь үнэлгээнд сөргөөр нөлөөллөө. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хөрөнгө оруулалтын баталгааг бий болгох эрх зүйн орчин дутмагт хэвээр байна.

225 views0 comments
bottom of page