top of page

АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС 2025

Удирдагчдын доройтол нь авлигатай тэмцэх дэлхийн хүчин чармайлтыг сулруулж байна.

Авлигын эсрэг Z үеийнхний манлайлсан томоохон эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж, зарим засгийн газрууд олон улсын хэм хэмжээг үл ойшоосон аюултай хандлага гаргаж буй энэ цаг үед Транспэрэнси Интернэшнлийн Авлигын төсөөллийн индексийн 31 дэх удаагийн тайлан нь авлигатай тэмцэх манлайлал урт хугацаанд доройтож, ахиц дэвшил хязгаарлагдмал хэвээр байгааг харуулсан түгшүүртэй дүр зургийг харуулж байна.


Берлин Хот, 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Өнөөдөр олон нийтэд хэвлэн мэдээлж буй Транспэрэнси Интернэшнл байгууллагын 2025 оны Авлигын төсөөллийн индекс (АТИ)-д дурдсанаар, авлига дэлхий даяар улам бүр газар авч, манлайлал сулрахын хэрээр ардчилал бэхэжсэн орнуудад ч авлига ихэссээр байна. Энэ жилийн индексээс харахад арван жилийн өмнө 80-аас дээш оноо авч байсан 12 улс орон байсан бол энэ жил ердөө таван улс болж буурчээ.

Манай тайлангаас дүгнэн харвал, автократ болон төгс бус ардчилсан дэглэмтэй улс орнуудаас авлигатай тэмцэх чиглэлээр харьцангуй давуу байдаг ардчилсан улсуудын гүйцэтгэл сүүлийн жилүүдэд буурч байгаа нь санаа зовоож байна.


Энэхүү чиг хандлагад АНУ (64), Канад (75), Шинэ Зеланд (81) зэрэг орнуудаас гадна Их Британи (70), Франц (66), Швед (80) зэрэг Европын олон орноос багтжээ.

Өөр нэг анхаарал татахуйц, санаа зовоосон хандлага бол олон улс оронд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх болон тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлах явдал нэмэгдэж буй явдал юм.

2012 оноос хойш АТИ-ийн оноо мэдэгдэхүйц буурсан 50 орны 36-д иргэний орон зай мөн адил хумигдсан байна.


2025 онд авлигын эсрэг Z үеийнхний манлайлсан эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөсөн нь Авлигын төсөөллийн индексийн онооны доод хагасад багтдаг, сүүлийн арван жилийн хугацаанд оноо нь ихэвчлэн гацсан эсвэл буурсан улс орнуудад төвлөрч байв. Балба (34), Мадагаскар (25) зэрэг улс орнуудын залуучууд төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, чанартай төрийн үйлчилгээ болон эдийн засгийн боломжийг хангаж чадахгүй байгааг шүүмжлэн жагссан юм.

Дэлхий нийтийн хэмжээнд авлигатай тэмцэхэд зоригтой, шийдэмгий манлайлал дутагдаж байгаа нь олон улсын авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулж, улмаар дэлхийн улс орнуудад шинэчлэл хийх дарамтыг багасгах эрсдэлтэй байгааг Транспэрэнси Интернэшнл байгууллага анхааруулж байна.


Транспэрэнси Интернэшнл дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг уриалж байна. Үүнд:

• Авлигатай тэмцэх чиглэл дэх улс төрийн манлайллыг шинэ шатанд гаргах, үүнд хууль тогтоомжийг бүрэн, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, олон улсын өмнө хүлээсэн амлалтуудаа биелүүлэх, мөн ил тод байдал, хяналт, хариуцлагыг бэхжүүлэх шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх.

• Иргэний орон зайг хамгаалах, үүний тулд сэтгүүлчид, төрийн бус байгууллагууд, шүгэл үлээгчдийн эсрэг халдлага, дарамтыг зогсоож, хараат бус иргэний нийгмийн үйл ажиллагааг хязгаарлах аливаа оролдлогыг таслан зогсоох.

• Авлигын мөнгө хил дамнан урсах боломжийг олгодог нууцлалын цоорхойг хаах, үүнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих хяналтыг чангатгах, мөн компани, итгэмжлэл, хөрөнгийн бодит эцсийн өмчлөгчийн талаарх ил тод байдлыг хангах арга хэмжээ зэрэг багтана.

АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЛИЙН МАНЛАЙЛАЛ БУУРЧ БАЙНА

Сүүлийн арван жилийн хугацаанд Европын олон улсад авлигатай тэмцэх хүчин чармайлт ихээхэн саарсан байна. 2012 оноос хойш Баруун Европ болон Европын Холбооны 13 улсад нөхцөл байдал мэдэгдэхүйц дордсон бол зөвхөн 7 улс л бодит ахиц гаргасан байна. Харин 2025 оны арван хоёрдугаар сард Европын Холбоо авлигын гэмт хэрэгтэй холбоотой эрүүгийн хуулиудыг уялдуулах зорилготой Авлигын эсрэг анхны удирдамж (Anti-Corruption Directive)-ийг баталсан юм.

Итали (53) зэрэг зарим гишүүн улсууд авлигад ямар ч хүлцэлгүй, хатуу тогтолцоо бүрдэх боломжийг сулруулж, төрийн албан хаагчдын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоос татгалзсан. Үүний үр дүнд зорилго, тодорхой байдал болон хэрэгжих чадвар дутмаг тогтолцоо бүрдсэн байна.

АНУ (64)-ын онооны уналт үргэлжилсээр, түүхэн дэх хамгийн доод түвшиндээ хүрлээ.

2025 оны үйл явдлууд хараахан бүрэн тусгагдаагүй байгаа хэдий ч хараат бус дуу хоолойг онилсон, шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж буй үйлдлүүд нь ноцтой санаа зовоосон асуудал үүсгэж байна.

Авлигын төсөөллийн индексийн үр дүнгээс гадна Гадаадын авлигын практиктай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг түр хугацаанд царцааж, сулруулсан нь авлигад автсан бизнесийн үйл ажиллагаанд хүлцэнгүй хандаж буй дохио болж байна. Үүний зэрэгцээ, АНУ-ын гадаад дахь иргэний нийгмийг дэмжих тусламжийг танасан нь дэлхийн хэмжээнд авлигатай тэмцэх хүчин чармайлтыг сулруулж байна. Үүнийг зарим орны улс төрийн удирдагчид төрийн бус байгууллага, сэтгүүлчид болон иргэний нийгмийн дуу хоолойг цаашид улам хязгаарлах дохио хэмээн хүлээн авч байна.

АТИ-ийн өндөр оноо авсан улс орон бүр авлигагүй гэсэн үг биш юм. Учир нь өндөр оноо авсан зарим улс орон хил дамнасан авлигын орлогыг угаах, шилжүүлэх үйл ажиллагааг дэмжсэнээр бусад улс оронд авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байдаг бөгөөд энэ төрлийн авлигыг Авлигын төсөөллийн индекс хамарч чаддаггүй.

Жишээлбэл, Швейцарь (80) болон Сингапур (84) улсууд хамгийн өндөр оноо авсан орнуудын тоонд багтаж байгаа ч бохир мөнгөний урсгалыг хөнгөвчилсөнтэй холбоотойгоор шүүмжлэлд өртсөн.


ИРГЭНИЙ ОРОН ЗАЙ ХУМИГДАЖ БАЙГАА НЬ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУЛРУУЛЖ БАЙНА

Сүүлийн арван жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд улс төрийн шинжтэй оролцоо нэмэгдэж, Гүрж (50), Индонез(37), Перу(30) зэрэг улс оронд засгийн газрууд тэдний санхүүжилт авах боломжийг хязгаарлах, цаашлаад тэднийг хянан шүүмжилдэг байгууллагуудын чадавхыг сулруулах шинэ хуулиудыг баталсан байна. Ийм хуулиудыг ихэвчлэн гүтгэлэг, айлган сүрдүүлэх кампанит ажилтай хослуулдаг.

Тунис (39) зэрэг зарим улсад шинэ хязгаарлалтын хууль батлаагүй ч захиргааны, шүүхийн болон санхүүгийн дарамтаар иргэний орон зай бодит байдал дээр хумигдаж, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарласаар байна.

Ийм нөхцөлд хараат бус сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд болон шүгэл үлээгчид авлигын эсрэг дуу хоолойгоо илэрхийлэхэд улам хүндрэлтэй болж, авлига үйлдсэн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласаар байх магадлал улам бүр нэмэгдэж байдаг.

Иргэний нийгмийг хавчин шахах бодлогын улмаас Транспэрэнси Интернэшнлийн Орос (22), Венесуэл (10) дахь үндэсний салбарууд эх орноо орхиход хүрсэн.

Энэхүү хязгаарлагдмал орчин нь авлигад хяналт тавьж, шүүмжилдэг хүмүүсийн дуу хоолойг намжаах төдийгүй хууль бус үйлдлийг илчилсэн, илчлэхээр зориглосон хүмүүсийн амь нас, аюулгүй байдалд бодит аюул учруулж байна.

2012 оноос хойш зэвсэгт мөргөлдөөнгүй орнуудад авлигатай холбоотой сэдвээр сурвалжилсан 150 сэтгүүлч амь насаа алдсан бөгөөд тэдний дийлэнх нь авлигын түвшин өндөр улс орнуудад тохиолдсон байна.


ДЭЛХИЙ ДАХИНЫ АВЛИГЫН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

АТИ нь 182 улс орон, бүс нутгийн нийтийн салбар (төрийн) дахь авлигын төсөөллийг тэг (их авлигатай)-ээс зуу (маш цэвэр) хүртэлх оноогоор үнэлж эрэмбэлдэг болно.

Дэлхийн дундаж оноо 100-аас 42-т хүрч, сүүлийн арав гаруй жилийн хамгийн доод түвшинд буусан нь ноцтой уруудах хандлага үргэлжилж байгааг харуулж, цаашид тогтмол ажиглан хянах шаардлагатайг илтгэж байна.

Улс орнуудын дийлэнх нь авлигыг үр дүнтэй хяналтдаа байлгаж чадахгүй хэвээр байна.180 улсаас гуравны хоёроос илүү нь буюу 122 улс 50-иас доош оноо авчээ.

Дани улс индексийн хамгийн өндөр оноог (89) найм дахь жилдээ дараалан авч байгаа бөгөөд Финлянд (88) болон Сингапур (84) улсууд удаалж байна.


АТИ 2025 оны хамгийн өндөр оноо авсан 20 улс
АТИ 2025 оны хамгийн өндөр оноо авсан 20 улс

Хамгийн бага оноо авсан улс орнуудад иргэний нийгэм ноцтойгоор хавчигдаж, тогтворгүй байдал өндөр түвшинд хүрсэн байгааг харж болно. Үүнд Өмнөд Судан(9), Сомали(9), Венесуэл(10) зэрэг улсууд багтаж байна.


АТИ 2025: хамгийн бага оноо авсан 20 улс
АТИ 2025: хамгийн бага оноо авсан 20 улс

2012 оноос хойш 50 орны онооны индекст мэдэгдэхүйц буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд хамгийн их буурсан орнуудад Турк (31), Унгар (40), Никарагуа (14) багтаж байна. Эдгээр нь ардчиллын ухралт, зөрчил мөргөлдөөн, институцийн эмзэг байдал, мөн авлига, хамааралд суурилсан ивээн тэтгэх сүлжээ тогтсонтой холбоотойгоор шударга ёс, хариуцлагын механизмууд сүүлийн арван жилийн турш бүтцийн хувьд суларсныг харуулж байна.


Авлига системчилсэн шинжтэй болж, улс төр, захиргааны бүтцэд гүн бат суусны улмаас эдгээр бууралт нь огцом бөгөөд удаан хугацаанд үргэлжилж, буцаан засахад нэн хүндрэлтэй болж байна.

2012 оноос хойш 31 улс орон индексийн оноогоо мэдэгдэхүйц сайжруулсан бөгөөд хамгийн их сайжирсан орнуудын тоонд Эстони (76), Өмнөд Солонгос (63) болон Сейшелийн арлууд (68) багтжээ.








Ардчилсан тогтолцоотой эдгээр улс орнуудад урт хугацаанд гарсан ахиц дэвшил нь шинэчлэлийг тууштай, тасралтгүй хэрэгжүүлж ирсэн байдал, хяналт-шинжилгээний байгууллагуудын чадавх бэхэжсэн явдал, мөн цэвэр, шударга засаглалыг дэмжих улс төрийн өргөн хүрээний зөвшилцөл бүрдсэнийг илтгэж байна.Эдгээр салбарт гарсан амжилтыг бусад хүчин зүйлстэй хамтад нь авч үзвэл төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албыг мэргэшүүлэх, бүс нутгийн болон дэлхийн засаглалын стандартыг тогтолцоонд нэвтрүүлж, нутагшуулсантай холбон тайлбарлаж болно.


АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН ТУХАЙ

1995 онд анх хэрэгжиж эхэлснээс хойш Транспэрэнси Интернэшнлийн Авлигын төсөөллийн индекс (АТИ) нь төрийн салбар дахь авлигыг хэмжих дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж ирсэн. Энэхүү индекс нь Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, хувийн эрсдэлийн болон зөвлөх компаниуд, судалгааны төвүүд зэрэг 13 гадаад эх сурвалжаас авсан мэдээлэлд тулгуурлан дэлхийн 182 улс, нутаг дэвсгэрийг төрийн салбар дахь авлигын түвшний талаарх төсөөллөөр нь үнэлдэг. Үнэлгээ нь мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн үзэл бодлыг илэрхийлдэг.

АТИ-ийг тооцох аргачлалыг найдвартай, уялдаа холбоотой байлгах үүднээс тогтмол хянаж, шинэчилж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2017 онд Европын Комиссын Хамтарсан Судалгааны Төв хянан үнэлсэн. 2012 оноос хойших бүх АТИ-ийн оноог он оноор нь харьцуулах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН СУУРЬ ОЙЛГОЛТ: АТИ-ИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОН ГАРГАДАГ ВЭ?” нийтлэлээс уншина уу.



Монгол Улс: 2025 оны АТИ-ийн үзүүлэлтүүд
Монгол Улс: 2025 оны АТИ-ийн үзүүлэлтүүд

ЗӨВЛӨМЖ


МОНГОЛ УЛСЫН АВЛИГЫН ЭСРЭГ БОДЛОГЫН ХҮРЭЭНД БАРИМТЛАХ ГОЛ ЧИГЛЭЛҮҮД

1.    Эрсдэлийн үнэлгээний үзүүлэлт буурсан байна.

Манай улсын зээлжих зэрэглэлийн үзүүлэлт тодорхой хэмжээнд өссөн боловч энэхүү өсөлт нь тогтвортой бус, түр зуурын шинжтэй байгааг анхаарах шаардлагатай. Иймд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх зайлшгүй хэрэгцээ тулгарч байна.

Цаашлаад эрсдэл, хуулийн засаглал, ардчиллын үнэлгээний нэг чухал үзүүлэлт болох нийгмийн халамжийн бодлого оновчгүй хэрэгжиж, эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавар үзүүлж байгаа нь өнгөрсөн, одоо, ирээдүйд эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх хүчин зүйл болсоор ирснийг залруулах нь зүйтэй.

 

2.    Бизнесийн орчин хүндэрч, бизнес эрхлэгчдийн итгэл суларсан байна.

 

Бизнесийн орчны үнэлгээнүүд буурсан нь бизнес эрхлэгчдээс авсан асуулгын шууд үр дүн бөгөөд дараах шалтгаануудыг онцолж байна. Үүнд: хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт их, ажиллах орчныг хангахад хууль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор хэт дарамталдаг, уян хатан бус бодлого баримталдаг, маргаан шийдвэрлэх хялбар, шуурхай механизм дутмаг, орон нутагт дэмжлэг сул зэрэг асуудлууд багтана.

Мөн дотоодын хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр байгаагаас шалтгаалан гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах өртөг нэмэгдэж, эрсдэлтэйд тооцогдон хөрөнгө оруулалт хомсдож байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын эрсдэлийг бууруулах, бодлогын тодорхой, тогтвортой орчныг бүрдүүлэх шаардлагатай.

 

3.    Хуулийн засаглалын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.

Урт хугацаанд хэвшсэн төрийн байгууллагын арга барилын улмаас хариуцлага тооцох механизм сул хэвээр байгааг холбогдох үзүүлэлтүүд харуулж байна. Хэдийгээр ардчиллыг хадгалж үлдэх чиглэлээр төрөөс бодлого, арга хэмжээ авч, ил тод байдлыг нэмэгдүүлэх тодорхой ахиц гарч байгаа боловч ил болсон мэдээлэл болон хариуцлага тооцох явцын хоорондын зөрүү асар их хэвээр байна.

 

Түүнчлэн хүний эрхийг бүх салбар, бүх түвшинд бүрэн хангах, ялангуяа хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагуудын эвлэлдэн нэгдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхүүдийг бодитойгоор эдлүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай.

 

Дээрх асуудлуудын хүрээнд Монгол Улсад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай дараах чиглэлүүдийг онцолж байна. Үүнд: улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн санхүүжилтийг авлига, мөнгө угаах гэмт хэргийн урсгалаас ангид байлгах, олборлох салбарын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн гүйлгээ, хандив, тусламж, татварын мэдээллийг ил тод болгох шаардлагатай.

Мөн төрийн өмчит компаниудыг бизнесийн салбарт давамгайлан, хувийн хэвшилтэй өрсөлдөх байдлаар хөгжүүлэх нь хор уршигтайг анхаарч, энэхүү байдлыг залруулах нь зүйтэй. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, удирдлага, томилгоог зөвхөн чадавхад суурилсан, ил тод сонгон шалгаруулалтаар явуулах нь олон улсын оновчтой туршлага юм.


Иймд:

Улс төрийн нөлөөллийг бууруулж, улс төрийн санхүүжилтийн хяналтыг бэхжүүлэх

Улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтэд зүй бус нөлөөлөл үүсэх эрсдэл өндөр хэвээр байгаа нь төрийн бодлого, шийдвэрт итгэх итгэлийг сулруулдаг. Иймд санхүүгийн тайланг ил тод болгож, стандартчилсан, харьцуулах боломжтой хэлбэрээр нийтлэх, хяналтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, хяналт шалгалтын эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлж, гарсан зөрчил бүрд хариуцлага хүлээлгэж, ил тод мэдээлэх замаар мөнгө ба улс төрийн шийдвэрийн хамаарлыг бууруулах шаардлагатай байна.

 

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах

Төрийн өмчит компанийн засаглалын хүрээнд гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтгүйгээр томилох, өндөр эрсдэл бүхий, их хэмжээний гэрээ хэлцлийг ил тод бус нөхцөлд байгуулах явдал түгээмэл байгаа нь олон нийтийн дунд хардлага, үл итгэлцлийг нэмэгдүүлж байна. Иймд томоохон төрийн өмчит компанийн удирдлагыг нээлттэй, өрсөлдөөнт шалгаруулалтын журмаар томилдог тогтолцоог бүрдүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус байдлыг хангах, шийдвэр гаргах болон гэрээ байгуулах үйл явцыг ил тод болгох нь зүйтэй.

 Уул уурхайн засаглалыг бэхжүүлэх

 

Дэлхийн зах зээл дээр үнэт металлын үнэ өсөж, дотоодын эдийн засгийн боломж хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд байгаль орчинд сөрөг нөлөөтэй, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа эрчимжих эрсдэл бодитоор нэмэгдэж байна. Энэ  байдлыг далимдуулан хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчил, далд өмчлөл бүхий үйл ажиллагаа нэмэгдэх нь салбарын засаглал, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Иймд Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдал, ашиглалт болон хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй болгох, мөн хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, шаардлага, шалгуурыг тусгах нь зүйтэй. Эдгээр суурь зохицуулалтгүйгээр хэрэгжүүлэх аливаа бодлого, хөтөлбөр нь авлигын эрсдэл, байгаль орчны хохирол, хүний эрхийн зөрчлийг бодитойгоор бууруулах боломжгүй.

 

Хууль хэрэгжилтийн тогтвортой байдал, ял завшихтай тэмцэх

Авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй зарим үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийж, Зөрчлийн тухай хуулиар хөнгөн шийтгэл ноогдуулах боломж байгаа нь нийгмийн шударга ёсны зарчимд сөргөөр нөлөөлж, ял завших тухай ойлголтыг бий болгож байна. Иймд авлигын шинжтэй үйлдэлд хүлээлгэх хариуцлагын шатлалыг тодорхой болгож, эрүүгийн болон захиргааны хариуцлагын заагийг оновчтой тогтоох замаар хуулийн хийдлийг арилгах, хуулийг сонгомол байдлаар бус тэгш, ялгаваргүй хэрэгжүүлэх институцийн баталгааг бүрдүүлэх шаардлагатай.

 

Хүний эрх хамгаалагч болон шүгэл үлээгчийн бодит хамгаалалтыг бүрдүүлэх

Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчны талаарх хэлэлцүүлэг 2017 оноос хойш үргэлжилж байгаа боловч өнөөг хүртэл холбогдох хууль батлагдаагүй, бодит хамгаалалтын механизм бүрдээгүй хэвээр байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг шүгэл үлээгчдийг хамгаалах нь авлигын эсрэг тогтолцооны суурь элемент тул аюулгүй, нэрээ нууцлан мэдээлэх суваг, өшөө авалтаас хамгаалах бодит механизм бүхий, олон улсын сайн туршлагад нийцсэн шүгэл үлээгчийн хамгаалалтын хуулийг яаралтай батлах шаардлагатай байна.

 


 
 
 

Авлигын төсөөллийн индекс

CPI_mongolia.jpg

Хаяг:   

Юнескогын гудамж, Сүхбаатар дүүрэг, Далай Тауэр

Шуудангийн хаяг: Ш/Х 14230, Улаанбаатар хот          

Утас: +976 70120012

И-мэйл хаяг: info@transparency.mn

bottom of page