top of page

Ази-Номхон далайн бүсэд авлигын эсрэг тэмцэл удааширч олон нийтийн бухимдал нэмэгдсээр байна

АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС 2025

2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр, Берлин хот.

Транспэрэнси интернэшнл байгууллагаас өнөөдөр хэвлэн нийтэлж буй 2025 оны Авлигын төсөөллийн индекс Ази-Номхон далайн бүсэд авлига ноцтой аюул заналхийлсээр байгааг харуулж байна. Бүс нутгийн дундаж оноо 100 онооноос 45 оноотой байгаа ба сүүлийн арван жилд өндөр түвшиний авлигын гэмт хэргүүд шийдэгдээгүй хэвээр байна.

2025 онд засаглал сул, хариуцлага тооцох механизм хангалтгүй байгаад бүс нутгийн хэмжээнд хуримтлагдсан бухимдал тод мэдрэгдэж, үүний улмаас олон залуус гудамжинд гарч, засгийн газруудаасаа бодитой арга хэмжээ авч, хариуцлага хүлээхийг шаардан дуу хоолойгоо өргөсөн юм.

Уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд буй Филиппин Улсад (32) хуурамч үерийн гамшгийн тусламжийн төсөлд их хэмжээний төсвийн хөрөнгө үрэгдсэн гэх хардлага иргэдийн бухимдлыг төрүүлэв. Индонез Улсад (34) засгийн газрын эсрэг жагсаалыг хүчээр дарж, худал мэдээллийг тараасны улмаас арваад хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн. Үүний зэрэгцээ Балба Улсад (34) эсэргүүцлийн хөдөлгөөнүүд нь өргөн хүрээний олон нийтийн сүлжээний хориг болон авлигын асуудлаас үүдэн өсөж буй бухимдлын улмаас засгийн газрыг буулгасан.


Эдгээр хөдөлгөөнүүдийг нэгтгэж байгаа зүйл нь эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд зориулан ашиглаж, иргэдэд тохиромжтой нийтийн үйлчилгээ, тогтвортой эдийн засаг болон шударга боломжийг хүргэж чадахгүй байгаа удирдлагуудад чиглэсэн бухимдал юм.

АТИ: 2016 оноос хойш оноо нь хамгийн их сайжирсан Ази, Номхон далайн бүсийн улсууд
АТИ: 2016 оноос хойш оноо нь хамгийн их сайжирсан Ази, Номхон далайн бүсийн улсууд

Мальдив (39), Вьетнам (41), болон Зүүн Тимор (44) улсууд 2012 оноос хойш тогтмол, статистикийн өсөлттэй ажиглагдаж байгаа нь хяналт шалгалтын байгууллагуудыг бэхжүүлсэн ба бүтэц зохион байгуулалтын шинэчлэлүүдтэй холбоотой. Тэр дундаа Вьетнам улсын тохиолдолд жижиг хэмжээний авлигыг үр дүнтэй багасгаж чадсан байна. Гэсэн хэдий ч эдгээр улсууд индексийн доод хэсэгт хэвээр байгаа тул сайжруулах зүйлс олон хэвээр байна.


АТИ: 2016 оноос хойш оноо хамгийн их буурсан Ази, Номхон далайн бүсийн улсууд
АТИ: 2016 оноос хойш оноо хамгийн их буурсан Ази, Номхон далайн бүсийн улсууд

Афганистан (16), Мьянмар (16), болон Хойд Солонгос (15) зэрэг тогтворгүй байдалтай улсууд индексийн хамгийн доод түвшинд хэвээр байна. Иргэний орон зай хязгаарлагдмал, улс төрийн санхүүгийн тогтолцоо ил тод бус, ардчилсан хяналт-тэнцэл дутмаг, жинхэнэ бие даасан шүүх эрх мэдэлгүй байдал нь эдгээр улсуудыг авлига, хээл хахуульд онцгой эмзэг байлгадаг нь хэвээр байна.









“Ази-Номхон далайн бүсийн олон улсад засаглалыг хууль, тогтоомжийн сул хэрэгжилт, хариуцлагагүй удирдлага, улс төрийн санхүүжилтийн ил тод бус байдал доройтуулж байна. Залуучууд илүү сайн, шударга нийгмийг шаардаж байгаа тул удирдагчид авлигыг бууруулах, ардчиллыг бэхжүүлэхийн тулд яг одоо арга хэмжээ авах ёстой. Бодит шинэчлэлүүд хийснээр иргэдийн итгэлийг сэргээж, эрх мэдэлтэй хүмүүс иргэдийн дуу хоолойг сонсож байгааг харуулах болно.” гэж Транспэрэнси интернэшнлийн Ази-Номхон далайн бүсийн Зөвлөх Илхам Мохамед цохон тэмдэглэв.


Транспэрэнси Интернэшнл улс орнуудыг 2025 оны 12 дугаар сард болсон Авлигын эсрэг бага хурлын хүрээнд баталсан улс төрийн нам, төрийн өндөр албан тушаалд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулснаар авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай НҮБ-ын шинэ тогтоолыг хэрэгжүүлэхийг уриалж байна. 4 дүгээр сард болох Азийн Сонгуулийн Оролцогчдын Форум нь сонгуулийн эрх бүхий байгууллагуудад уг тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг амлалт өгөх түлхүүр боломж юм.

 

АТИ-Д АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСЭЭС ОНЦЛОХ ЗҮЙЛС:

АТИ нь 182 улс орон, бүс нутгийн нийтийн салбар (төрийн) дахь авлигын төсөөллийг тэг (их авлигатай)-ээс зуу (маш цэвэр) хүртэлх оноогоор үнэлж эрэмбэлдэг болно.

·  2012 оноос хойш 32 улсаас найм нь мэдэгдэхүйц ахиц гаргасан бөгөөд үүнд Бутан улс (71), Бруней Даруссалам Улс (63), болон Лаос Улс (34) улсууд багтаж байна.

·   Тайланд (33) Улс болон Монгол (31) Улс хоёулаа АТИ дээр муу үнэлгээ авсаар байгаа бөгөөд 2012 оноос хойш оноо нь тогтмол буурч байгаа хандлага ажиглагдаж байна. Монгол Улсад хууль дээдлэх зарчим болон хариуцлагын түвшин доройтож, үүнтэй зэрэгцэн иргэний орон зайд тавих хязгаарлалт нэмэгдсэн байна.

·   Тус бүс нутагт хамгийн өндөр оноо авсан улсууд нь Сингапур Улс (84), Шинэ Зеланд Улс (81) болон Австрали Улс (76) бөгөөд дэлхийд тус тус гуравдугаар, дөрөвдүгээр, болон арван хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

·   Бүс нутагт Афганистан (16), Мьянмар (16), болон Хойд Солонгос (15) улсууд хамгийн бага оноо авсан байна.

·   Бүс нутгийн ихэнх улс (31 улсаас 21 нь) дэлхийн дунджаас доогуур оноо авсан бөгөөд үүнд Энэтхэг (39), Бангладеш (24), болон Индонез (34) зэрэг томоохон ардчилсан улсууд ч багтаж байна.

 

АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН ТУХАЙ

1995 онд анх хэрэгжиж эхэлснээс хойш Транспэрэнси Интернэшнлийн Авлигын төсөөллийн индекс (АТИ) нь төрийн салбар дахь авлигыг хэмжих дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж ирсэн. Энэхүү индекс нь Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, хувийн эрсдэлийн болон зөвлөх компаниуд, судалгааны төвүүд зэрэг 13 гадаад эх сурвалжаас авсан мэдээлэлд тулгуурлан дэлхийн 182 улс, нутаг дэвсгэрийг төрийн салбар дахь авлигын түвшний талаарх төсөөллөөр нь үнэлдэг. Үнэлгээ нь мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн үзэл бодлыг илэрхийлдэг.

АТИ-ийг тооцох аргачлалыг найдвартай, уялдаа холбоотой байлгах үүднээс тогтмол хянаж, шинэчилж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2017 онд Европын Комиссын Хамтарсан Судалгааны Төв хянан үнэлсэн. 2012 оноос хойших бүх АТИ-ийн оноог он оноор нь харьцуулах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН СУУРЬ ОЙЛГОЛТ: АТИ-ИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОН ГАРГАДАГ ВЭ?” нийтлэлээс унших уншина уу.

 


 
 
 

Comments


Авлигын төсөөллийн индекс

CPI_mongolia.jpg

Хаяг:   

Юнескогын гудамж, Сүхбаатар дүүрэг, Далай Тауэр

Шуудангийн хаяг: Ш/Х 14230, Улаанбаатар хот          

Утас: +976 70120012

И-мэйл хаяг: info@transparency.mn

bottom of page